logo
Европын орнууд Японоос сургамж авах хэрэгтэй

Европын орнууд Японоос сургамж авах хэрэгтэй

2012/10/24
1980-аад он. Японы эдийн засгийн өсөлт хамгийн оргил цэгтээ хүрч байлаа. Японы хөрөнгийн зах зээл ч амжилттай хөгжиж байв. Үүнийг даган газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадав. Сонирхуулахад 3.4 шоо км талбайтай Япон эзэн хааны ордны газар л гэхэд тухайн үедээ Америкийн бүхэл бүтэн Калифорни мужийн нийт газар нутгийн талбайгаас үнэтэй байжээ. Гэтэл энэ хоосон хөөрөгдөл нь 1990-ээд онд үнэнд гүйцэгдэж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн юм. Япончууд 1990-ээд оныг алдагдсан 10 жил гэж нэрлэдэг. Эдийн засаг хямарч эхлэнгүүт төсвийн алдагдал нэмэгдэж, иргэд мөнгөө аль болох хадгалж, хэмнэж, юм худалдан авах, зарцуулахаа багасгасан. Хөрөнгийн зах зээл ганхаж эхэлсэн юм. Тэгвэл Номура судалгааны Институтын ахлах эдийн засагч Ричард Коо эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа Европын орнууд Японы 1990-ээд оны хямралаас сургамж авч эдийн засаг хүнд байгаа ч мөнгөний зарцуулалтаа зогсоож болохгүй гэж зөвлөж байна. Өөрөөр хэлбэл өр нэмэгдэн гэж айлгүй төсвийн таналт хийх бус харин ч зарцуулж, ямар нэг байдлаар зах зээлдээ мөнгө эргэлдүүлж байх нь хямралаас гарах гарц юм байна. Түүнийхээр бол засгийн газар эхлэлийг тавих ёстой. Учир нь эдийн засаг хямрахад хувийн сектор мөнгөний хомсдолд орж, мөнгө зарцуулалтаа багасгана. Үүн дээр нэмээд засгийн газар мөнгөө танаад эхлэхээр зах зээлд эргэлдэх бэлэн мөнгөний хомсдол үүсч төсвийн таналт хийснээсээ дор байдалд ордог гэж эдийн засагч Ричард Коо тайлбарлаж байна. Мөн бусад эдийн засагчдын үзэж байгаагаар 1990-ээд онд Япон улс зарцуулалтаа нэмэгдүүлж байсан учраас хямралаас хурдан гарсан. Тиймээс  1990-ээд оны Японы эдийн засагчдыг эдийн засгийн мэс засалчид гэж нэрлэдэг байна. Европчуудын өмнө бэлэн сургамж, туршлага байхад Европын орнууд төсвийн таналтаа улам ихэсгэж эдийн засгаа хумисаар байна. японоос жишээ авахгүй байна. Хамгийн наад захын жишээ нь Грек улс. Грек өрөө бууруулахын тулд төсвийн таналт хийж байгаа. Эдийн засаг нь улам хямарч, ухмигдаж,  тэсэхээ байсан иргэд нь гудамжинд гарч засгийн газрын хатуу бодлогыг эсэргүүцэж байгаа. Тухайн үед Японы ажилгүйдлийн төвшин 2 хувьтай байгаад эдийн засаг хямрахад 5 болж өссөн. Хэрэв 5 хувиас давж иргэд ажилгүй болох юм бол Японы улс төр нийгэмд тогтворгүй байдал үүсэх байсан. Тиймээс тухайн үеийн Японы эрх баригчид өр нэмэгдсэн ч хамаагүй мөнгө зарцуулалтаа нэмэгдүүлж, иргэдээ ямар нэг байдлаар ажилтай байлгаж байсан.  Өнөөдөр Японы эдийн засгийн өсөлт удаашрилтай байгаа ч энэ нь өөр хүчин зүйлээс хамаарсан. Гэхдээ хүн бүр ажилтай байна. Инфляци бага байна. Иргэдийн худалдан авах чадвар өндөр хэвээр байна. Дэлхийд хамгийн чанртайд тооцогдох дэд бүтэц тэнд л байна. Үүнд л Японы эдийн засагчдын бодлогын нууц оршиж байна гэж дэлхийн эдийн засагчид үзэж байна. Эдийн засагч Ричард Коогийнхоор бол Европ Японоос сургамж авахад оройтоогүй байна. Гэхдээ мэдээж өргөс авсан юм шиг гэнэт эдийн засаг сайжирна гэж байхгүйг анхааруулж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш