logo
 Шадар сайд хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болголоо

Шадар сайд хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болголоо

2012/10/25
МХЕГ-ын дарга асан Р.Содхүүгийн гаргасан 2012 оны 05 сарын 04-ний өдрийн “Чиг үүрэг, орон тоо шилжүүлэх, тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”  160 тоот тушаал нь тус газрын эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэдэг зарим асуудлыг олон шат дамжлагатай болгон өөрчилжээ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад чирэгдэл учруулж, тус газарт ажиллаж байгаа улсын байцаагч нарт хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн бусад салбар байгууллагын эрхлэх асуудалд хөндлөнгөөс оролцсон алдаатай шийдвэр болсон  талаар санал, гомдол Монгол Улсын Шадар сайд Д. Тэрбишдагвын нэр дээр ихээр ирэх болсон.

Холбогдох мэргэжлийн байгууллага болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нараас ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзэхэд уг тушаалын дагуу байгууллага 25 чиглэлээр МХЕГ-ын хоёроос доошгүй байцаагчийн гарын үсэг бүхий дүгнэлт гаргуулахын тулд 8-10 шат дамжлага дамжиж, сар гаруйн хугацаа зарцуулж иргэн, аж ахуйн нэгж, ихээхэн чирэгдэл, хүнд сурталтай тулгарах болсон байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн  хууль зөрчсөн, хүндрэл үүсгэсэн энэхүү тушаалыг бүхэлд нь хүчингүй болсонд тооцох тухай шийдвэрийг Шадар сайд Д.Тэрбишдагва 2012 оны 10 сарын 23-ны өдөр гаргаж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авахыг МХЕГ-ын удирдлагад даалгалаа.

Дээрхи хууль бус шийдвэр нь Хүнсний тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Барилгын тухай, Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай, Тамхины хяналтын тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай зэрэг олон  хуулийн холбогдох зүйл заалтуудыг илэрхий  зөрчсөн аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш