logo
Шатахууны үнэ нэг өглөө нэмэгдчихсэн байх юм биш биз

Шатахууны үнэ нэг өглөө нэмэгдчихсэн байх юм биш биз

2012/10/25
Шатахуун, шатахууны үнийн өсөлт гэсэн үг монголчуудын амны уншлага болсоор удаж байна. Шатахууны үнэ 230-260 төгрөгөөр нэмэгдлээ гэж зарлангуут өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг.

Худалдаачид далимдуулж үнээ хэт өсгөхөд хэн ч хяналт тавихгүй, бүх үнийг нь зах зээл өөрөө зохицуулчихдаг. Шатахууны асуудлаар манай улс гаднаас 100 хувь хараат. 2012 он гарангуут нефтийн үнэ огцом нэмэгдсэн нь шинэ жилийн настерийг нам дарж, монголчуудыг шоконд оруулсан.

Тухайн үед шатахууны үнийн өсөлтөд чухам юу нөлөөлснийг тайлбарлах гэж импортлогчид, төрийн түшээд, Монголбанк гээд холбогдох газрууд нэг нэг рүүгээ буруугаа чихэж бүр Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас намаа гаргах гэнэтийн шийдвэр нь шатахууны үнийн өсөлтөд нөлөөллөө хэмээн хардсан. Эцэст нь импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь тогтоогдож 17 тэрбум төгрөгийг торгууль ногдуулснаар асуудлыг намжаасан билээ.

Гэсэн ч нефьт импортлогчдод ногдуулсан торгууль он дуусах гэж байхад одоо хүртэл төлөгдөөгүй л явж байна. ШӨХТГ-ын шинэхэн дарга О.Магнай ажлаа авсан даруйдаа энэ асуудлыг дэлгэн тавьсан ч тэд торгуулиа өгсөн эсэхийг мэдэхгүй юм. Саяхнаас нефтийн үнэ дахин нэмэгдэнэ гэсэн чихэнд чимэггүй мэдээлэл явж эхэллээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оны нэмэгдсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдэх сураг дуулдаж байна. Данс улайсан, “халаасаа хоосолчихсон” гээд хэцүүхэн нөхцөл байдалд орчихоод байгаа Монгол Улсад өмнө тохиолдсон гай дахиад нүүрлэчихвэл хэрхэн давж гарах вэ гэдэг нь хүндрэлтэй асуудал болно.

Өмнө шатахууны үнэ нэмэгдсэнээс болж такси өдөртөө нэг км 800 төгрөгөөр явсан. Энэ үнэ одоо ч хэвээрээ. Магадгүй дахин үнээ нэмчихвэл өргөн хэрэглээний бүх бүтээгдэхүүнд нөлөөлж үнэ өснө. Үүнээс болоод инфляци дахин нэмэгдэж найман хувьд барих нь мянгуужингийн үлгэр болох биз. Манай улсын импортолж байгаа шатахууны 80 гаруй хувийг ОХУ-ын “Роснефть” компанийн нийлүүлэлт эзэлдэг. Шатахуун импортлогчдын хэлснээр “Роснефть” компани тодорхой хязгаар тогтоодог гэсэн. ОХУ шатахууны экспортынхоо татварыг энэ сарын эхээр 6.4 хувиар нэмсэн бол төд удалгүй “Роснефть”-ээс Монголд нийлүүлэх шатахууны импортын үнэ нэмэгдсэн юм. Ингэхдээ А-80 бензин тонн нь 1101 ам.доллар байсан бол 1133 болж, 32 ам.доллараар, А-92 бензин 44 ам.доллараар нэмэгдэж, 1345 болсон.

Харин А-95 төрлийн бензиний үнэ өөрчлөгдөөгүй байна. Иргэдийн дунд үнэ нэмэх нь гэсэн хардлага эрчимтэй байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд энэ яриа тун хүчтэй тархаж эхэллээ. Сургийг үнэн болгочихдог туршлага манай импортлогчдод байдаг учраас энэ удаад ч үгсэн хуйвалдаж үнээ нэмэх талтай гэдгийг О.Магнай даргад дуулгая. Иймэрхүү яриа ор үндэсгүй гардаггүй гэдгийг ч мэдэж байгаа биз. Тэгэхээр нэн тэргүүнд шатахууны үнийг үндэслэлгүй буюу үгсэн хуйвалдаж нэмэхгүй байх талаар нефьт импортлогчидтой тохиролцох хэрэгтэй болов уу.

Үнэ нэмэхгүйн эсрэг нөлөөлж чадах ганц газар нь ШӨХТГ юм. О.Магнай дарга та сар бүр шатахууны зах зээлийн байж болох үнийг зарлаж түүнээс давуулсан компаниудад хариуцлага хүлээлгэдэг болох хувилбарыг туршаад үзвэл ямар вэ. Энэ хамгийн байж болох хувилбарт тооцогдоно. Нөгөө талаас шатахуун импортлогч хувийн компаниудын үнийг буулгах, нэмэх талаарх асуудлыг төрөөс бүрэн зааварчлах боломжгүй ч татвар, татаас зэргээр тодорхой хэмжээгээр зохицуулах боломжтой байдаг. ОХУ татвараа буулгасны дараа төр Онцгой албан татварыг сэргээсэн байгаа.

Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол энэ татварыг эргээд тэглэж болно. Жолооч нар үнэ нэмэгдэхээс урьтан банкаа дүүргэж байгаа сураг явж эхэлсэн бөгөөд энэ мэдээллийг шатахуун борлуулагч компаниудаас эрс үгүйсгэжээ. Тэд хэлэхдээ “Ямар ч мэдээлэл аваагүй. Шатахууны үнэ нэмэгдэх шийдвэр одоогоор гараагүй учраас мэдээлэл өгөхөд хэцүү юм. Хэрвээ үнэ нэмэх шийдвэр гарах юм бол бид энэ талаар олон нийтэд эхлээд мэдээлнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн үнэ нэмэхийг эсрэг байр суурьтай байгаа гэж дуугарсан байна лээ. Хэдэн тэрбумаар торгуулсан нь ухаарал болж хэрэглэгчийн эрх ашгийг дээд зэргээр хамгаалах болсон гэдгийг ч хэлж байгаа юм .

Ер нь авчирсан шатахуунаа Оросоос оруулж ирэх үнэ нь нэмэгдээгүй л бол тэдэнд үнээ нэмэх үндэслэл байхгүй гэсэн юм. Гэхдээ ОХУ нефьтийн экспортын татвараа энэ сард нэмсэн. Ирэх сард ч нэмэх нь тодорхой байна. Үүнийг дагаад шатахууны үнэ өсөхөөс өөр аргагүй. Гэхдээ холбогдох байгууллагуудтай хэлэлцэж шийдвэрээ гаргана байх гэж байгаа нь үнээ нэмчихвэл нэмнэ ээ л гэж хэлээд байгаа хэрэг.

Шатахуун борлуулагч компаниуд ийм байр суурьтай байна. ОХУ-ын “Роснефть” компани экспортынхоо татварыг нэмсэн нь үнэ ханшид нөлөөлөх эсэхийг хэлчих хүн байхгүй л байна. Нефьтийн бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжүүд энэ мэдээллийг үгүйсгээгүй ч бас баталгаажуулсангүй. Тэгэхээр нэг сайхан нартай өдөр босоод ирэхэд шатахууны үнэ нэмэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй бололтой.

ШӨХТГ-аас шатахуун борлуулагч компаниудад үнэ нэмэгдээгүй байхад авсан бензинээ үнэ нэмж худалдаалахгүй байх шаардлага гаргасаны дагуу нөөцөд байгаа шатахуунаа хуучин үнээр нь худалдаж байгаа учраас өнөөдөр нэмэгдэхгүй байж болно. Харин маргааш...

Б.Өнөртогтох
МОНГОЛЫН МЭДЭЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш