logo
МАХН-ын оньсого

МАХН-ын оньсого

2012/10/26
МАХН хэзээ ч МАН-тай нэгдэхгүй гэнэ. Энэ бол МАХН-ын удирдлагуудын хариуцлагатайгаар мэдэгдсэн мэдэгдэл. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэнчлэн цоо шинэ болж дахин төрсөн тул хуучин намаг шалбаагтайгаа зууралдахыг хүсэхгүй байгаа юм байх. Өөрөөр хэлбэл, МАН, МАХН хоёр огт өөр улс төрийн хүчин болсон гэнэ. Иймээс нэгдэх тухай ойлголт байхгүй. Иймдээ ч гишүүд нь хуучин батлахаа сэргээж буйг онцлов.

 Гэхдээ МАХН-ынхан хэтэрхий эрт онгирч байна уу даа гэх дүгнэлтийг ажиглагчид хийсэн юм. Энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулсан нам нь ганц Шударга ёс эвсэл хэмээн улс төрийн хүрээнийхэн тодотгодог. Үнэндээ ч тэд УИХ-д 11 суудалтай болж, Засгийн газарт хамтран, бялууны амттайг нь идэж буй. Харамсалтай нь, тэд энэхүү амжилтандаа эрдэж, ирэх сард болох Орон нутгийн сонгуулиар зарим газарт дангаараа орохоо зарлав.

 Өөрөөр хэлбэл, МҮАН-ыг жийнэ. Ер нь ч сүүлийн үед алхам тутамдаа МҮАН-ыг хавчиж, гадуурхсан үг, үйлдэл гаргах болсон нь нууц биш. Бялууны хуваарилалтыг хийхээс эхлээд тэдний хороонд ойлголцлын зөрүү ихээр гарах болсон билээ. Тэр ч битгий хэл, МҮАН-ын дарга М.Энхсайханыг “ажилгүй” болгох санаачилга ч тэндээс эхлэлтэй гэх. Тиймдээ ч эвсэл эвгүйтэж эхэлснийг улс төрийн хүрээнийхэн бүү хэл амтай болгон ярих болсон.

 М.Энхсайханы хэвлэлд өгсөн ярилцлага ч энэ бүхнийг бататгасан гэж болно. Харин МАХН-ын удирдлагууд Шударга ёс эвсэл задрахгүй хэмээн сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтынхаа үеэр мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед гарсан мэдээлэл бүхэнд тэд няцаалт хийсэн юм. Тэгвэл сүүлийн үед эрчимтэйгээр өрнүүлж буй МАХН-ын арга барил чухам юуг өгүүлнэ вэ.

 МАН-ын гишүүдийг хэдэн зуугаар нь элсүүлж, хуучин батлахыг нь өвөртлүүлэх болсон. Үр дүнд нь хэдэн мянган гишүүнтэй ах намын хүч бага багаар суларч байна. Үүний хажуугаар МҮАН-ын гишүүдийг урвуулж эхэллээ. Эхнийх нь УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон. Энэ намын тухайд гаднаас урвуулаад байх гишүүн ховор тул парламентад буй хэдийг нь онилж эхэлсэн нь энэ.

 Ц.Цолмон бол МҮАН-ын дэд дарга. Улмаар намын жагсаалтаар сонгогдож, давхар дээлтэй болсон ч гэж тодотгож болно. Гэтэл түүнд Н.Энхбаяр эртнээс өөрийн намдаа орохыг санал болгож, мань хүн ч хүлээж авсан гэх. Үүнээс илүүтэй МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийг нэгдэн нийлж, нэг улс төрийн хүчин болох санаачилгыг нийтэд дэлгэсэн хүн нь Ц.Цолмон. Харин МАХН хэн нэгэнтэй нэгдэхийг хүсээгүй.

 МҮАН-тай ч, МАН-тай ч. Өдгөө Ц.Цолмон гишүүнээс болж МҮАН-ынхны уур амьсгал тийм ч таатай бус байгаа. Гэсэн ч тэд МАХН-ынхны үгнээс хацайхгүй, аясыг нь харж суух болсон нь бүр ч хачирхалтай. Мухайраар бодоход, МАН эрх баригч АН-ын үг, үйлдлийг тэвчихгүй бослого гаргасан шиг МҮАН ч Засагт ороод зангаа хувиргасан МАХН-ын үйл хөдлөл, үйл ажиллагааг нь эсэргүүцэж болохуйц.

 Гэсэн ч тэд тэгсэнгүй. Тэрүүхэндээ галыг үлээж унтраах гэж зүдэрч байна. Шударга ёс эвсэл улс төрд үүссэн нөхцөл байдал болон ирэх оны төсвийн тодотголд дээр ч тодорхой байр суурь илэрхийлэлгүй бөөрхийлөх болсон. МАН-ын суултыг МАХН-ын угшилтай эрхмүүд дэмжиж байгаагаа илэрхийлж байсан бол МҮАН-ынхан буруушаасан.

 Тэрчлэн ирэх оны төсвийн төсөл дээр хүртэл эвслийн гишүүдийн байр суурь зөрчилдөж, дотроо маргалдсан гэх дам яриа ч бий. Энэ бүхнээс үзэхэд эвслийн байдал эвгүй байгаа нь тодорхой. Харин МАХН МАН-ыг ч, МҮАН-ыг ч хавьтуулахгүй, хазаж хайраад байгаа нь Н.Энхбаярын явуулга уу, эсвэл наранд байгаа эрхмүүдийнх нь үзэл бодол уу гэдэг нь оньсого болоод байна. Энэ оньсогыг таахын тулд улс төр сонирхогчид тархиа гашилгах болж.

 МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга Ө.Энхтүвшин нарын уулзалт амжилттай болж, хоёр намын хооронд эерэг уур амьсгал төрүүлэх болсон нь ч сүүлийн үед улс төрийн үйл явцаас мэдрэгдэх болсон. Нөгөөтэйгүүр, нэгэн үе мөр зэрэгцэн хамтдаа алхаж явсан дээрх хоёр эрхэм ирээдүйгээ харсан олон зүйлийг ч зөвшилцөж чадсан гэдэг. Тэгэхээр энэ бүхэн Н.Энхбаярын санаа гэхэд хэцүү.

Намдаа өс санаж, хүчин мөхөсдүүлэхийг хүсч байж болох ч АН-ынханд далаараа тавиулж, арга нь барагдсан экст угшил нэгт нөхөд нь халуун дулаан санагдсан гэх юм билээ. Тэгэхээр хөлдсөн сэтгэл нь бага ч атугай гэссэн байж мэднэ. Тиймээс л МАН-ыг Орон нутагт ч гэсэн далаараа тавиулчих вий гэж бодсондоо зарим газарт хамтрах шийдвэр гаргасан байж болох талтайг ажиглагчид хэлдэг.

Хэрэв энэ бүхэн үнэн бол дээрх үйлдэл хэний, хэнд хэлж, ойлгуулах гэсэн санаа вэ. Цаашлаад хэнд анхааруулж, хэнээс авах гэсэн өс хонзон бэ гэдэг нь бүр ч хачирхалтай.

Л.Нинж
Эх сурвалж: "Нийгмийн Толь" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш