logo
”Eрөнхий сайд ба 10 асуулт, 10 хариулт” анхны уулзалт болов

”Eрөнхий сайд ба 10 асуулт, 10 хариулт” анхны уулзалт болов

2012/10/26
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчид, гадаадын байнгын сурвалжлагчидтай тогтмол уулзалт хийж, сонирхсон асуултуудад нь хариулт өгч байхаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр анхны уулзалтаа хийлээ.
“Ерөнхий сайд ба 10 асуулт хариулт” (“Prime Minister: 10 Q&A”) уулзалтад Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын байнгын сурвалжлагчид оролцсон юм.
Дээрх байгууллагуудаас хүлээн авсан 60 шахам асуултыг багцалж, Ерөнхий сайд дараах 10 асуултад хариулт өглөө.
1. УИХ-аас саяхан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг баталлаа. Ирэх жил танай Засгийн газраас тавьж буй үндсэн гурван зорилт юу вэ?
2. Монгол Улсад авлига, хээл хахууль оршсоор байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөхөөс гадна өөрийн иргэдийн амьдрах өртөгийг нэмэгдүүлсээр байна. Монгол дахь авлигыг бууруулахад Засгийн газраас яг тодорхой юу хийхээр төлөвлөөд байна вэ?
3. Хэдийгээр Монголын эдийн засгийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд нэлээд өсөлттэй байгаа ч хүн амын гуравны нэг нь ядуу амьдарсаар байгаад Засгийн газар хэрхэн анхаарлаа хандуулах вэ? Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ?
4. Монгол Улсын Засгийн газар төрийн албыг илүү мэргэжлийн, иргэд рүүгээ чиглэсэн, намын харьяалалгүй байлгана гэж тодорхойлсон. Гэвч сонгуулийн дараа Засгийн газар шинээр байгуулагдаж, улс төрийн болон удирдах түвшний хүрээнд олон албан хаагч халаа сэлгээнд өртсөн. Энэхүү ил тод байгаа зөрчлийг хэрхэн тайлбарлах вэ?
5. Та Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг хэрхэн тодорхойлж байна вэ?
6. Хэрэв Чингис хаан өнөөгийн цаг үед амьдарч байсан бол таны бодлоор тэр хөдөө биш Улаанбаатар хотод амьдрахыг хүсэх байсан болов уу?
7. Гадаад орнуудтай харилцах харилцаанд Энэ Засгийн газрын баримталж буй шинэлэг байдал, онцлог юу вэ?
8. Стратегийн ордын салбарт гадаадын хөрөнгө оруулагчийг хязгаарлахтай холбогдуулан асуухад, тус хуулийг хэрэгжүүлэх журам болон тодорхой төлөвлөгөө байгаа эсэх, хэрэгжүүлэх байдал болон явцын талаар, уг хуульд дахин өөрчлөлт оруулах юм уу хүчингүй болгох боломж байгаа эсэх, энэ хуулийг хэрэгжүүлснээс хойш гадаадын хөрөнгө оруулагчдыг татах өөр бодлого боловсруулсан эсэх талаар мэдээлэл өгнө үү?
9. Монгол Улсын Засгийн газар, Оюу Толгой ХХК-ний хооронд хийсэн гэрээнд өөрчлөлт оруулснаар Монгол Улсын гуравдагч хөрш орнуудын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Энэ талаар таны бодол юу вэ? Төсвийн тооцоонд Оюу Толгой ХХК-д тавих өсөн нэмэгдэх орлогын татварын тухай шинэ журмын талаар тусгагдсан нь Хөрөнгө оруулалтын гэрээтэй зөрчилдөхөөр байна. Уг гэрээг дахин задлахгүйгээр талуудыг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байна вэ?
10. Засгийн газар 2013 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ төсөлд 2013 оны төсвийн алдагдлын ДНБ-ны 2%-с хэтрүүлэхгүй байхаар, төсвийн орлогыг 35 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн байна. Энэ хоёр үзүүлэлтийг хангах бодит боломж бий юу?
“Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Монгол Улсад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдлагуудад нэг дороос өргөн хүрээтэйгээр өгөх зорилгоор ийм уулзалтыг цаашид тогтмолжуулах тул та бүхэн сонирхсон асуултаа бидэнд ирүүлээрэй” гэж Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд онцлоод, Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүлж буй ажлуудыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш