logo
Иргэдийн биометрик мэдээлэл гадаад руу алдагдсан юм биш биз

Иргэдийн биометрик мэдээлэл гадаад руу алдагдсан юм биш биз

2012/10/26
АНУ-ын Төрийн нууцын зэрэглэлд хамаарах Афганистаны дайн, дипломат ажилтнуудын захидлуудыг нийтэд дэлгэн өнгөрсөн жилийн онцлох хүнээр албан бусаар тодорсон Жуллиан Ассанжаас болж, мэдээллийн аюулгүй байдлын талаар дэлхийн улс орнууд онцгой анхаарал тавьж эхлээд байгаа билээ. Шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил дэлхийн улс орнуудад үр өгөөжөө өгөхийн зэрэгцээ нө­­хөж болшгүй гарз хохирол учруулсаар байна.  Компьютер сайн мэддэг хүмүүст бол (хакерууд) цахим ертөнцөд нууц гэж алга. “Wikileaks” сайтын эзний хэрэг явдал ч нэг иймэрхүү л түүхээс эхтэй гэж таамаглаж байгаа. Хүн төрөлхтний нээсэн ололтууд тухайн үедээ гайхамшигтай байвч заавал нэг сул тал дагуулсаар ирсэн. Интернэт ч мөн адил. Сүлжээний аюулгүй байдлыг шинжлэх ухааны одоо байгаа дээд төвшинд хангасан өндөр хөгжилтэй орнууд ч нууцын зэрэглэлтэй мэдээллээ алдсаар байна.  Монгол улс аюулгүй байдлаа хэрхэн хангасан байдаг юм бол гэсэн асуудал анхаарал татсаар байна. Манай улс иргэдээ хурууны хээгээр бүртгэж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Бүртгэлийн хэлбэрийн талаар олон янзын санаа бодолтой иргэд үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Тэдний зарим нь “Ардчиллын үндсэн зарчмыг алдагдуулсан, хүний эрх, эрх чөлөөг хясан боох гэсэн аюултай хууль” гэж үзсэн бол хүний эрхийн хуульч М.Ичинноров тэргүүтэй хэсэг бүлэг иргэд “Дэлхий нийтийн бүртгэлийн чиг хандлага ийм байгаа учир сайжруулж байгаа нь зөв” гэх зэргээр санал зөрж байгаа.

 Эхний байр суурийг илэрхийлж байгаа иргэдийн үгээр бол иргэдээ хурууны хээгээр бүртгэх тогтолцоо Африкийн ядуу орнууд иргэдээ улс төрийн зорилгоор хянах гэж анхлан нэвтрүүлсэн гэнэ. Үнэхээр ч одоогийн байдлаар хурууны хээгээр бүртгэх тогтолцоотой орнуудын дийлэнх нь Африкийн орнууд л байх аж. Гэхдээ дээрх иргэд “Иргэдийн биометрик мэдээлэл гадагш алдагдвал үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулна” гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа юм. Монголын кибер довтолгоонтой тэмцэх төвийн тэргүүн Т.Халтар гадаадын тагнуулын байгууллагууд манай улсын төрийн байгууллагын мэдээллийг авч байх боломжтой гэж ярьж байна. Ямартай ч иргэдийнхээ биометрик мэдээллийн сан байгуулах шаардлага, нөхцөл бололцоо одоохондоо манай улсад байхгүй. Энэ бол хаанаас нь ч харсан гадны бодлого гэдэг нь ойлгомжтой. Бидний гар дээр байгаа иргэний цахим үнэмлэхний чип дотор ямар ч мэдээлэл байхгүй гэж нэгэн сонин дээр бичсэн байна. Бас тэрхүү мэдээллийг унших машин нь ч байхгүй. Тэгэхээр юм юм нь байхгүй байхад яаран сандран энэ ажлыг эхлүүлсэн нь ямар учиртай юм бол оо. Тэр үед төрийн толгойд байсан эрхмүүд гадны улсын шахалтаар хийсэн байх магадлал бий юу.

 Одоо бидний иргэний үнэмлэх дотор байж байх ёстой тэр мэдээлэл хаана байна вэ. Энэ асуултад хэн хариулах вэ. “Таван төгөлдөршил”-ийг санаачилсан С.Баяраас уу. Эсвэл бүртгэлийн төгөлдөршил хэмээн ярьж олонд танигдсан УБЕГ-ын дарга асан Б.Мөнхбаатараас асуух уу. Биометрик мэдээллийн сангаа хамгаалах боломж маш хомс гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Мэдээлэл технологи хариуцсан хүмүүс нь ч тухайн үедээ үүнийг хүлээн зөвшөөрч байсан. Тэгэхээр мэдээллийн сан бүрдүүлж байх үед л бид мэдээллээ гадагш алдсан байх магадлалтай юм. Тэр их мэдээлэл хаана байна вэ.Бид мэдээлийн сангийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ том асуудал хэр аюулгүй орчинд хадгалагдаж байгаа талаар санг бүрдүүлж байх үед буюу 2011 оны эхээр Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбаттай ярилцаж байсныгаа уншигчдад дахин хүргэж байна.   

Б.Чинбат: Манай байгууллагын сүлжээ бүрэн хамгаалагдсан

-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн биометрик мэдээллийг алдагдаж болзошгүй гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байна л даа. Иргэдийн хувийн нууцтай холбоотой дээрх мэдээллийг хаана хадгалдаг юм бэ?
 -Манай байгууллагын өөрийн сервер болох Иргэний бүртгэлийн Улсын нэгдсэн сүлжээн дотор хадгалагддаг.

-Шинэчилсэн бүртгэл хувь хүний мэдээллийг агуулсан болохоор хадгалалт, аюулгүй байдал тал дээр найдвартай хангагдсан байх ёстой л доо. Манай улс энэ тал дээр хэр анхаарч ажилладаг юм бол?
 -Тэгэхээр энэ талаар ярихаас өмнө ИБУНС гэдэг зүйлийг сайн ойлгох ёстой л доо. ИБУНС гэдэг маань манай байгууллагын 21 аймаг, есөн дүүргийн салбарыг хамарсан сүлжээ байдаг юм. Интернеттэй холбогдоогүй учраас гаднаас халдлага хийх ямар ч боломжгүй гэж ойлгож болно.

-Гэхдээ бүртгэл явуулж буй ажилчдын компьютер сүлжээнд холбогдсон байдаг шүү дээ?
 -Манай ажилчид дотоод сүлжээндээ холбогдохдоо интернетийн сүлжээгээ салгаж байгаад холбогддог.

-Төрийн албан хаагчийн компьютер интернэтэд холбогдсон байх үед суусан хакерын программ сүлжээнээс салсан үед ч мэдээллийг хуулж, буцаад хол­богдсон үед дамжуулах боломжтой биш үү. Кибер довтолгооноос хамгаалах тал дээр харьцангуй сайн гэгддэг АНУ гэхэд л мэдээллээ алдсан тохиолдол мэр сэр гараад байдаг. Яг дээрх аргаар хулгайлдаг гэх юм билээ. Тэгэхээр мэдээллээ алдахгүй байхын тулд ажилчдын компьютер интернэт сүлжээнд огт холбогдохгүй байх ёстой болж таарч байна?
 -Үүнээс хамгаалсан хамгаалалт бас байна. Аймаг, дүүргүүд гэхэд хоорондоо мэдээлэл солилцохдоо шифрлэж дамжуулдаг. Эрсдлээс хамгаалах өөр ажлууд ч хийгдэж байгаа. Энэ чиглэлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэж байна. Төлөвлөсөн, хэрэгжих шатандаа яваа ажлууд их бий.

-Иргэдээ биометрик мэдээллээр бүртгэдэг улс орон байдаг эсэхийг судалж үзлээ. Дандаа Африкийн буурай хөгжилтэй, уул уурхай түлхүү хөгжсөн, гадны ашиг сонирхлыг ихээр оруулж ирсэн улсууд байгаа нь сонирхол татаад байна л даа. АНУ гэхэд мэдээлэл гадагш алдагдвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг учраас ийм бүртгэлээс татгалздаг. Харин есдүгээр сарын 11-ний хэргээс хойш л гаднаас орж ирж байгаа иргэдийн хурууны хээг авдаг болсон…?
 -Тийм. Япон бас гадаадаас ирж байгаа иргэдийг хурууны хээгээр бүртгэдэг. Гэхдээ нэг зөвөөр ойлгох хэрэгтэй. Иргэдээ биометрик мэдээллээр бүртгэх явдал зөвхөн Африкийн орнуудад байдаг гэж өрөөсгөл ойлгож болохгүй л дээ. Ер нь дэлхий нийтийн чиг хандлага энэ тал руу явж байгаа. Эстон улс ингэж бүртгэх ажлыг эхлүүлээд явж байгаа. Хонконгод хэрэгжээд дууссан. Хятадад хэрэгжиж эхэлж байна. Барууны орнуудаас Герман бас биометрик мэдээллийн сан бүрдүүлэх талаар яригдаж байгаа гэх мэтчилэнгээр. Өмнөх бүртгэлийн систем бол текстэн мэдээллээр явдаг байсан. Бүртгэлийн энэ хэлбэрээр бол нэг хүн хэдэн ч удаа бүртгүүлж болох эрсдэлтэй байсан. Харин биометрик мэдээлэл гэдэг бол давтагдашгүй байдаг учраас дээрх эрсдэл бүрэн арилж байгаа юм.  

-Монгол Улс кибер довтолгооноос бүрэн хамгаалагдсан улс мөн үү. Иргэдийн биометрик мэдээллийн сан бүрэн аюулгүй байдалд хадгалагдаж байгаа гэж та итгэлтэй хэлж чадах уу?

-Бусад төрийн байгууллагуудын талаар сайн мэдэхгүй юм. Манай байгууллагын хувьд бол эрсдлээс хамгаалагдсан. Гэхдээ ер нь бол цаашдаа интернет сүлжээнд орохгүйгээр ажил явагдана гэж байхгүй учраас энэ асуудал бидний дараагийн гол проблем болоод байна. Тиймээс аюулгүй байдлыг хангах, мэдээлэл алдахгүй байх талаар Тагнуулын төв газрынхантай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Х.Батсайхан
Эх сурвалж: "Монголын Мэдээ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш