«Чөлөөт Умард Солонгосын төлөө тэмцэгчид» хөдөлгөөний хэсэг идэвхтэн өмнөд солонгосын эрх баригчдын хориог ул тоомсорлон ухуулах хуудас бүхий хийт бөмбөлөгүүдийг сүүлийн хэдэн өдөрт 2 дахь удаагаа БНАСАУ тийш нисгэсэн тухай өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Ренхап агентлагийн мэдээлснээр БНАСАУ гаралтай таван идэвхтэн барагцаалбал 200 мянган ухуулах хуудас бүхий 10 хийт бөмбөлөг нисгэв. Энэ удаа тэд эдгээр бөмбөлөг Сөүлээс баруун Кимпхо хотын хил орчмын хорооллоос хөөргөжээ. Ухуулах хуудаст Умард Солонгосын эрх баригч дэглэмийг шүүмжилж, сүүлийн үед дэлхийд болсон гол гол үйл явдлыг мэдээлжээ. Ухуулах хуудас бүхий хийт бөмбөглөгүүдийг анх удаа 10-р сарын 22-нд хөөргөсэн билээ. Ухуулах хуудас явуулвал Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийг буудана гэсэн Умард Солонгосын удирдлагын мэдэгдлийг өнгөрсэн долоо хоногт тараасан юм. Цохилт өгвэл хариуд гал нээхэд бэлэн байна гэж Өмнөд Солонгосын эрх баригчид мэдэгдээд хил орчмын нутагт цэргээ байлдааны бэлэн байдалд оруулжээ.