Ливаны нийслэл Бейрут хотын төвд алан хядагчдын машинд тавьсан бөмбөг дэлбэрч тусгай албаны өндөр албан тушаалын эрхэм алагдсаны дараа байдал хурцдаж, Сирийн дэглэмийг дэмжигч болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарах аюул нүүрлээд байна. Ливаны эрх баригчид мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж, хотын төвд цэрэг оруулж, харуул хамгаалалтыг чангатгаад байгаа. Олон улсын шинжээчид Ливан улс Сирийн хямрал мөргөлдөөнд татагдан орж, иргэний дайн 2 улсад улам өргөжиж хүрээгээ тэлэх вий гэдгээс болгоомжилж байна. Бейрут хотын худалдаа үйлчилгээ үндсэндээ зогсчээ. Хот эль хуль болж, иргэд айдас хүйдэстэй амьдарч байна. Ливаны Триполи хотод сунитууд зохион байгуулалтад орж Алавит болон шийтүүдийн эсрэг зэвсэг барин босох магадлалтай болжээ. Алвитууд харин уламжлалт ёсоор Башар Ассадын дэглэмийг дэмжиж байгаа. Шинжээчдийн үзэж байгаагаар 1980-1990-ээд оны хооронд лалын шашинтнууд болон христийн шашинтнуудын хооронд олон жил үргэлжилсэн иргэний дайн дэгдсэн. Харин энэ удаад Ассад болон Хесболлах зэвсэгт бүлгийг дэмжигчид болон Ассадын эсрэг сунитуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахад ойрхон болоод байгаа ажээ. Ливаны Хезболлах бүлэг нь зөвхөн зэвсэгт бүлэг гэхээсээ илүүтэй Ливаны улс төрд нэлээн нөлөөтэй. Парламентад суудалтай юм. Халдлага болсны дараа Ливаны ерөнхий сайд суудлаасаа огцрох хүсэлт гаргасан. Харин Ерөнхийлөгч түүнийг огцрохыг дэмжихгүй, зөвшөөрөхгүй байгаа юм. НҮБ-ын олон улсын төлөөлөгчид Сирийн хөрш Турк, Ливан зэрэг улс орнуудын эрх баригчдыг хүлээцтэй байж, аль болох Сирийн хямрал мөргөлдөөнд татагдан орохгүй байхыг уриалсаар байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn