НҮБ болон Арабын лигийн Сирийн асуудлыг зохицуулах тусгай элч Лахдар Брахими лалын шашинтнуудын мацаг тайлах Эйд баярын үеэр Сирийн сөргөлдөгч талууд түр гал зогсоох болсон тухай мэдэгдлээ. Тэрээр “Би сая Дамаск хотод очиж Башар Ассад болон Сирийн засгийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа. Сирийн эрх баригчид мацаг тайлах Эйд баярын үеэр гал зогсоох миний хүсэлтийг хүлээн авсан. Босогчдын заримтай ч уулзаж баярын үеэр гал нээхгүй байхыг хүссэн. Сөргөлдөгч талууд хэлсэндээ хүрч бие биенээ хүндэтгэнэ гэж найдаж байна. Баярын дараа ч гэсэн сөргөлдөгч талууд удаан хугацаанд гал зогсоож, тохиролцоно гэж найдаж байна” гэжээ. Гэхдээ Лахдар Брахими ингэж мэдэгдэж байгаа болохоос босогчид албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан сөргөлдөгч талуудыг галаа зогсоохыг хүссэн ч түүний хүчин чармайлт бүтэлгүйтэж, НҮБ болон Арабын лигийн Сирийн асуудлыг зохицуулах тусгай элч байхаас сайн дураараа татгалзсан юм. Тэдний яриа хэлэлцээр хийж байх хооронд Сирид аюулгүй хүчнийхэн болон босогчдын хооронд тулалдаан үргэлжилсээр байна. Өчигдөр гэхэд нийт 202 хүн амиа алджээ. Алеппо хотын орчимд машинд суурилуулсан бөмбөг дэлбэрч босогчдын мэдэгдэж байгаагаар 100 гаруй хүн амиа алдсан байна. Бодит байдал ийм хүнд байхад сөргөлдөгч талууд гал зогсоох нь эргэлзээтэй гэж зарим шинжээчид үзэж байна. Башар Ассадын дэглэмийг түлхэн унагах хөдөлгөөн эхэлснээс хойш 30 гаруй мянган хүн амиа алдаад байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn