Манай гариг дээр огт хэрэггүй амь биет, амьтан, ургамал гэж байдаггүй. Ямар нэг байдлаар амьд биетүүд байгальд болон бие биедээ хэрэгтэй байж, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад зохилдсон байдаг. Элсэн цөлд өвсөн тэжээлт амьтны ялгадас органик бодисыг цуглуулж, бөөрөнхийлж хөеөөгөө болгон бэлтгэдэг цох хорхой байдаг. Монголчууд аргалын хорхой, баасны хорхой ч гэдэг. Тэгвэл Шведийн эрдэмтэд уг цох хорхой нь үхэр малын баасыг цуглууж, зөвхөн идэш тэжээлээ нөөцөлдөг бус харин бөөрөнхийлсөн тэжээл нь цох хорхой биеийнхээ температурыг тогтмол байлгах үүрэгтэйг олж тогтоосон байна. Эрдэмтэд амьд биетийн температурыг хэмждэг камер ашиглан туршилт хийж үзэхэд цох хорхой бөөрөнхийлж бэлтгэсэн чийгтэй тэжээл дээрээ гараад зогсоход биеийнх нь дулаан 10 секундэнд огцом буурсан байна. Цөлийн халуун наранд түлэгдэхүй, шингэнээ алдахгүй биеийн температураа тогтмол барьж байхад зохилдсон энэ зохилдолгоо нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Өөрөөр хэлбэл чийгтэй бэлдмэл цохны хувьд бөөрөнхий тэжээл нь Эйр кондишны үүрэг гүйцэтгэдэг байна. Эрдэмтэд туршилтыг батлах зорилгоор цох хорхойг хурц, халуун нартай орчин болон сүүдэртэй орчинд байлгахад цох хорхой нартай орчинд сүүдэртэй орчноос 7 дахин их удаа бөмбөлөг дээрээ гарч сэрүүцжээ. Мөн эрдэмтэд цохны хөлийг газрын гадаргаас тусгаарлах зорилгоор углавч хийж өгөхөд тэжээл дээрээ гарах нь эрс багассан байна. Өөрөөр хэлбэл сэрүүцэх шаардлагагүй болохоор бөмбөлөг дээрээ гараагүй. Мөн орчны температурыг эрс нэмэгдүүлж халуун болгоход цох хөлөөрөө нүүр хэсгээ арчиж байсан байна. Эрдэмтэд цох хорхой хөлнөөсөө нүүрээ сэрүүцүүлэх зорилгоор шингэн ялгаруулдаг байж болох юм гэж таамаглан судалгаагаа үргэлжлүүлж байна. Эрдэмтэд цөлийн халуун наранд цох бэлтгэсэн хөеөгөө ашиглан сэрүүцэж биеийн температураа хэвийн хадгалж байгааг л дөнгөж нээсэн болохоос өөр нээгдээгүй маш олон байгалийн зохилдолгоо байж болохыг үгүйсгэхгүй байна. Манай дэлхий 5 тэрбум орчим жилийн настай. Олон сая жил байгалийн шалгаралыг даван туулж ирсэн амьтадад байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалах болон өөрсдийгөө гадны хүчин зүйлээс хамгаалах, хүний нээж олоогүй олон нарийн зохилдолгоо байдаг байна.
Shuum.mn
Shuum.mn