АНУ-ын тэрбумтан Дональд Трамп Цагаан ордны тэргүүн Барак Обамаг сорьж Америкийн иргэн гэдгээ нотолж, бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Учир нь Лалын шашинтай Кени гаралтай аавтай Обама Америкийн 50 дахь муж Хавай арал дээр төрж, ээжийнхээ 2 дахь нөхрийг даган Индонезид бага насаа өнгөрүүлсэн болохоор түүний иргэншил эргэлзээтэй байсаар ирсэн юм. Дональд Трампын хүсэлт Обамагийн сонгуулийн кампанит ажилд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн үү, угаасаа төлөвлөж байсан уу цагаан ордны тэргүүн сонгуулийн кампанит ажлаа түр завсарлаад яаран төрөлх муж Иллинойсд ирж өөрийнхөө төлөө урьдчилан санал өгсөн байна. Тэрээр жолооны үнэмлэхээ гаргаж ирэн миний үс бууралтаагүй байх үеийн зураг шүү гэж сонгуулийн хорооны ажилтантай найрсагаар хөгжилдсөн байна. Обама сонгууль товлогдсон өдрөөс өмнө урьдчилж саналаа өгсөн анхны ерөнхийлөгч боллоо. Тэрээр үүгээрээ сонгуулийн өдөр цаг зав гарахгүй хүмүүс урьдчилж санал өгч болохыг дэмжигч сонгогчиддоо харуулсан байна. Тэрээр “Сонгуулийн өдөр хүүхдээ сургуулиас нь авах ч юмуу, чухал ямар ч ажил гарч болно. Чикаго хот бол цас их ордог хот. Тиймээс та бүгд урьдчилаад санал өгчихвөл цас бороотой өдөр гадагш гарна гэхгүй болох юм. Ер нь Иллинойс мужаас бусад мужийн иргэд урьдчилаад санал өгөөд эхэлсэн байгаа” гэж сонгогчдыг уриалжээ. Сонгууль болохоод 10-аадхан хоног үлдээд байгаа. Сонгуулийн хорооны мэдээлж байгаагаар сонгууль болохоос өмнө улс орон даяар нийт бүртгүүлсэн сонгогчдын 18 хувь нь урьдчилж саналаа өгөөд байгаа. Эдгээрийн 55 хувь нь Обамад саналаа өгөөд байгаа бол 40 хувь нь Ромид өгөөд байна. Үлдсэн 30 гаруй хувь нь сонгуулийн өдөр саналаа өгөх юм байна.
Shuum.mn
Shuum.mn