logo
Ажлын хэсэг байгуулав

Ажлын хэсэг байгуулав

2012/10/31
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /2012-10-30/ хуралдаж “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний  тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор баталлаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ахалж, гишүүдэд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, А.Бакей нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтов.
Мөн хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны төсвийн төсөлд тусгагдсан зарим зардлыг нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /орон тооны бус/-ийн дүрмийг УИХ-ын холбогдох байнгын хороо батлахаар хуульчилсан. Энэхүү тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг баталсан бөгөөд уг дүрэмд зааснаар Үндэсний зөвлөл нь ажлын албатай байх ба уг алба нь албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга, хянан шалгагч 2, эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга гэсэн 4 орон тоотой байхаар анх зохицуулжээ. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд нийгмийн даатгалын хамрах хүрээ, үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, гадаад оронтой нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулагдан нийгмийн даатгалын байгууллагын гадаад харилцаа өргөжиж, албан болон албан бусаар гадаад оронд ажиллаж, амьдарч буй иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэх ажлыг эрчимжүүлэх шаардлага бий болсон байна. Иймд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн зохион байгуулах, орон тоог нэмэгдүүлэхээр тооцож, албаны орон тоог 10 байхаар, гадаад төлбөр тооцоонд хяналт тавих хянан шалгагч 1, мөн албаны санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх үүрэг бүхий нягтлан бодогч 1, жолооч буюу гэрээт ажилтан 1 нийтдээ 3 орон тоо нэмэгдүүлэх НДҮЗ-ийн саналыг дэмжлээ. 
Мөн  НДҮЗ-ийн үйл ажиллагааны 2013 оны төсвийн төсөлд тусгасан зарим зардлыг нэмэгдүүлэхийг дэмжих нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны нийт зардлын төсвийг 176,6 сая төгрөгөөр тооцож, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш