logo
Монгол бахархлын өдрийг амралтын өдөр болгохыг дэмжлээ

Монгол бахархлын өдрийг амралтын өдөр болгохыг дэмжлээ

2012/10/31
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүд дэмжлээ.
Мөн  “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж дэмжигдсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Энэ хуулийн төслийн агуулга нь зарчмын шинжтэй дараах зүйлээр илэрч байгаа юм. Тухайлбал, ...нийтээр тэмдэглэх баярын өдөрт Монгол бахархлын өдрийг 11 дүгээр сарын 14-ний өдөр байхаар нэмж, энэ өдөр бүх нийтээр амардаг байх, Улс тунхагласан баярын өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр байсныг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох тухай байсан.
Гэвч хэлэлцүүлгийн явцад гишүүд, арваннэгдүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баярын өдрөөр амардаг байсан нь хэвээр байх, түүнчлэн арваннэгдүгээр сарын 14-нд мөн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр нийтээр амардаг болох тухай ярилцан дэмжсэн.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн хэлэлцэхээр болж, гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш