logo
Энхтайван найрамдлын ордон “бүслэгдсэн”

Энхтайван найрамдлын ордон “бүслэгдсэн”

2012/11/01
Нийслэлийн чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх Энхтайван найрамдлын ордны өмнөх талбай дээр сүндэрлэж буй 18 давхар хар шилэн барилгын суурь 2008 онд тавигдаж хашаа татаж эхэлсэн бөгөөд зэргэлдээх оршин суугчид учрыг нь лавлахаар нэлээд юм болжээ. Гэсэн ч тодорхой хариулт хэнээс ч сонсч чадаагүй байна.

Улмаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгтээс лавлавал, “ЭТНО-ны” өргөтгөл 16 давхар барилга баригдана та нарт хамаагүй гэжээ. Энэ талаар Монголын энхтайван найрамдлын холбооны дэд ерөнхийлөгч хамтын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Цогзолмаагаас тодрууллаа.

-Уг баригдаж байгаа барилгыг анх барина гэдгийг та нар мэдэж байсан уу. Энэ барилга одоо ямар компанийнх вэ?
-Анх “ЭТНО” гэх хоёр давхар барилгыг тухайн үеийн нарийн бичгийн дарга Д.Билэгт, Д.Цахилгаан гэх хоёр хүн энд 16 давхар барилга баригдахаар болсон. Уг барилга нь “ЭТНО”-ны өмч бөгөөд уг ордон байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “Пийс таавер” барилгатай хүзүүгээр нийлүүлэн барина. Та нар тэр барилгад үйл ажиллагаагаа явуулах болно гээд бүдүүвч зургийг нь харуулж байсан. Тухайн үед “Монгол-Шведийн нийгэмлэг 500 мянган төгрөг хандивлаж байсан. Харин барилгын угсралтын ажил явагдаж дуусаад өнөөдрийг хүртэл хүлээтэл өөр компанийн нэр дээр оффис болон хувирсан. Энэ хэргийн гол буруутан нь “МЭТНХ”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт болон “МЭТНХ”-ны Ерөнхийлөгч Д.Цахилгаан нарыг гэж үзэж байна. Учир нь уг газар нь бидний аав ээж, монголын ард түмний хөрөнгө. Гэтэл хоёрхон хүний эрх мэдлээр “Сандэй” группт зарсан нь харамсалтай.

-Яг одоогоор тухайн барилгын ард хуучны ЭТНО барилга байдаг тэр хэний мэдэлд байна, та нар тэндээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?
-Уг барилгад бид бүтнээр үйл ажиллагаагаа явуулж чаддаг байсан. Харин сүүлийн жилд манай нийгэмлэг болох хамтын нийгэмлэг ерөөсөө л хоёрхон өрөөнд сууж цугладаг, хуралддаг боллоо. Тэр өрөө нь хүйтэн устай, дусаал гоождог. Бусад өрөөг нь нэг бүрчлэн зарж хөлслүүлж байна. Өөр өрөөнд суух гэхээр наадах чинь өөр компанийн өмч болсон гээд оруулахгүй байгаа. Тэрнээс гадна доод подвалыг хүртэл ашиглаж караоке, цэнгээний газар болгон хувиргасан.

-ЭТНО-ны удирдлагууд хоёр жилд нэг удаа хуралдаж байх ёстой. Энэ хурлаар асуудлаа хэлэлцэж цэгцэлдэггүй юм уу?
-“Тэтгэвэрт гарахдаа баяжаад гарна” гэх энэ хатуу зорилгыг урдаа тавьж үсээ халцарч, зүсээ гундтал эрүүл мэндээ золиослон зүтгэж буй Д.Билэгт хэмээх эрхэм “Энхтайван найрамдлын ордонг байгуулаад 30 гаруй жил зүтгэхдээ боломжтой болгоноос хумслан мэрж идсээр өдий зэрэгт хүрсэн эр боллоо. “МЭТНХ-ны” дүрмийн дагуу хоёр жил тутамд хуралдах ёстой ерөнхий чуулган тодорхой бус шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон. Ерөнхий чуулганыг хуралдуулах гэж Д.Билэгттэй очиж уулзсан боловч Найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагыг хуц, солиор гэх зэргээр доромжлон өрөөнөөсөө хөөдөг. Үүнийг эсэргүүцэн 36 нийгэмлэгийн 24 нийгэмлэг цуглан хуралдаж удирдлагыг солиход, Ерөнхийлөгч Д.Цахилгаан нь “Намайг гадаад явсан хойгуур надтай хуралдалгүй шийдвэр гаргасан. Тиймээс би шүүхэд хандана” хэмээн бид бүгдийг шүүхэд дуудсан.

-Дээр таны дурьдсанаар шүүх хурал гэж ярилаа. Д.Билэгтийг шүүхэд дуудсан гэсэн энэ талаар тодруулна уу?
-Монголын Энхтайван, найрамдлын төлөө холбооны дүрэмд “Энхтайван найрамдлын ордон нь” ЭТНХолбооны үндсэн өмч мөн гэж заасныг үзэхэд тус ордон нь Энхтайванг бүрдүүлдэг гадаад орнуудтай найрамдах 30 гаруй нийгэмлэг байгууллагуудын дундын өмч болж таарч байгаа юм. Иймээс холбооны бүрэлдэхүүнд байдаг арав гаруй нийгэмлэг ЭТНО-ныг худалдсан асуудлыг хууль бус гэж үзэн холбооны удирдлагыг шүүхэд өгөөд байсан юм. Гэтэл Д.Билэгт шүүх хяналтын байгууллагыг мөнгөөр өөртөө татан хурлыг өөрийн талд оруулан биднийг буруутгасан. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн шүүгч н.Буянжаргал гэх хүн явуулсан бөгөөд аль ч талбарт хоёр хүний буруу байхад тэдний талд орон шүүх хурлыг таслан зогсоосон байгаа. Бидний зүгээс н.Буянжаргал шүүгч хахууль авсан гэж үзэж байна.

-Энэ шүүх хурлаар энэ асуудлыг дуусгах уу, давж заалдаж дахин шүүхэд дуудах уу?
-Бид дахин шүүхэд өгөхгүй гэж бодож байгаа. Харин өөр арга хэмжээ авч “МУ-ын Ерөнхийлөгчид ил захидал илгээнэ. Мөн Авлигатай тэмцэх газар энэ хэргийг шалгуулна. Монголын шүүх хяналтын байгууллагууд мөнгөтэй талд үйлчилж байгаа нь эндээс харагдаж байгаа юм.

-Яг одоогоор МЭТНОны удирдлагууд та нарт яаж хандаж байна вэ?
-Д.Билэгт дарга гэхэд л эрх мэдлээ ашиглан Энхтайван, найрамдлын ордонд өрөө тасалгаандаа архиддаг, ажил төрөл цалгардуулдаг байсан. Энэ тухай дутагдлыг нь хэлж шүүмжилсэн хүн бүрийг мөрдөн мөшгиж, айлган сүрдүүлж ажил албанаас нь халж зарим хүмүүсийг ажлаас халж байна. Ингэхдээ өргөдлийг нь албадан бичүүлдэг зуршилтай болоод удаж байна. Хэдэн жилийн өмнө Д.Билэгт албан тасалгаанд хоногоор өнжин архидаж хүүхэнтэй орооцолдож байхад нь ажлаас нь халсан. Ингэхэд манай хүн шүүх хяналтын байгууллагаар хэсэг гүйж байгаад л буцаад ажилдаа орж байсан удаатай. Тэр хууль хяналтын байгууллага нь бас л “но”-той байсан байж таарч байгаа юм. Тэр үед ажлаасаа гараад явчихсан бол “Энхтайван найрамдлын ордон” гэх энэ газарт энэ шилэн барилга баригдахгүй, хажуу айлууд нь нар үзэх байлаа. Өөрөөр хэлбэл, энэ ордон “бүслэгдсэн”.

Б.Есөнцагаан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш