logo
 “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨҮГ мэдэгдэл гаргалаа

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨҮГ мэдэгдэл гаргалаа

2012/11/01

Нийслэл хот эрчимтэй барилгажсан өнгөрсөн таван жилийн хугацаанд “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит үйлдвэрийн газрын инженер техникийн ажилтнууд бид  шинээр барьсан барилгуудыг дулаанаар хангаж болох бүхий л боломжийг дайчлан ажиллаж ирлээ. Гэвч дулааны шинэ эх үүсвэрийн асуудал шийдэгдээгүй нөхцөлд нийслэлчүүдийг дулаанаар найдвартай хангахад улам бүр хүндрэлтэй болж байна. 

Энэ бол алс хэтийн асуудал биш. Ирэх 2013-2014 он гэхэд  энэ хүндрэлийн зах зухаас бид бодитоор амсч эхэлнэ. Учир нь Улаанбаатарын инженерийн байгууламж, дулаан хангамжийн зураг төсөл хуучнаар Зөвлөлтийн инженерүүдийн төлөвлөлтөөр хийгдсэн. Тэр төлөвлөлтөөр сая хол давсан хүн амтай өнөөдрийн их хот чадан ядан амиа аргацааж, гал алдчихалгүй явна. 

Социализмын үед баригдсан дулааны цахилгаан станцууд, тэдний үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэдэг тоног төхөөрөмж, шугам хоолой аль аль нь хуучирч, сүлжээний усыг нэвтрүүлэхгүй болсон. Нэг үгээр хэлэхэд хойд хормойгоороо урдахаа нөхөх маягаар буюу олон жил ажилласан дадлага туршлагатай инженер техникийн ажилтнуудын хүчээр л явж байна. 

Нийслэлийн иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж, аятай тохитой амьдрах боломж бололцоог нь бүрдүүлэх том үүрэг манай байгууллагад ногддог. Гэтэл биднийг энэ үүргээ биелүүлэх боломжгүй болгож мэдэх зөвшөөрөлгүй барилгын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 5 жилд дунджаар 1260 орчим барилгыг шинээр төвлөрсөн дулаанд холбож байгаа. 

Зөвхөн энэ улиралд  л гэхэд дулааны техникийн нөхцөлтэй орон сууцны голдуу 160 гаруй барилгыг төвлөрсөн дулаанд шинээр холбож, тохируулга зүгшрүүлгийн ажлыг хийж жигдрүүлээд байгаа юм. Манай компаниас санаачлан техник зохион байгуулалтын тодорхой ажлуудыг хийсний үндсэн дээр Ханын материал, Шар хад, Чулуун овоо, Мамба дацан, ЦЕГ-ын 801 дүгээр анги, Ус-15-ын орон сууцнууд болон Дотоод хэргийн их сургууль орчмын халаалтын зуухтай барилга объектуудыг  төвлөрсөн дулаан хангамжид холбож, дулааны эрчим хүчээр хэвийн хангаж байна. 

Дулаан хангамжийн даралтын хүрэлцээ муу, нэмж барилга холбоход горим ажиллагааны хувьд хүндрэлтэй, эх үүсвэрээс алслагдсан, өндөрлөг газарт байрласан 3, 4, 12,13,15, 16 дугаар хороолол, Зайсан болон хотын төв хэсгүүдэд нийт 90 гаруй барилга дулааны зөвшөөрөлгүй баригдчихаад байна. Эдгээр барилгын эздэд дулаанаар хангах боломжгүй, нөхцөл хүнд байгааг хичнээн тайлбарлаад ойлгодоггүй. 

Харин ч эсрэгээрээ авлига авах гэж байна, хүнд суртал гаргалаа гэхчилэн шүүмжилж, улмаар ажилд хүндрэл учруулдаг боллоо. Мөн аравдугаар сарын 15-наас хойш шинэ барилгуудыг төвлөрсөн дулаанд холбохгүй байх нийслэлийн Засаг даргын захирамж гарсныг хэлж тайлбарлаад ч нэмэргүй байдалд сүүлийн үед орж байна. Энэ байдал улам даамжирч боломжгүй газар дулааны зөвшөөрөл олгодог, мөнгө авдаг гэсэн утга бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах болсон нь “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн удирдлага, инженер техникийн ажилтнуудын нэр хүндэд шууд халдсан үйлдэл. Тиймээс зөвшөөрөлгүй барилгын эздээс боломжгүй зүйлээ бодитой болгохын төлөө зүтгэж бидний ажилд бүү хүндрэл учруулаач хэмээн хүсч байна.

“УБДС” ХК-ИЙН ИНЖЕНЕР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛТЭС, ТЕХНИК ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш