Хаалттай байсан хууль хяналтын байгууллагууд үүдээ нээж 14 хоног тутамд хэвлэл мэдээллийнхэнд өөрсдийн хийж байгаа ажлын талаар танилцуулдаг уламжлалтай болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Энэ уламжлалаар өчигдөр АТГ-аас мэдээлэл хийлээ. Тус байгууллагын хувьд аравдугаар сарын 30-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 710 гомдол мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 301 гомдол хүлээн авч хянажээ. Эдгээрийн 59 гомдол мэдээлэл буюу 19,6 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 23 хувиар өссөн бол 133 буюу 44,1 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 25 хувиар буурсан тоон үзүүлэлт юм. Мөн 151 хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа хийгдэж байгаа аж.
Эрүү үүсгэгдэн шалгагдсан хэргүүдийн мөрдөн байцаалтын явцад 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ. АТГ-т гомдол мэдээлэл их ирэх болсон нь тус байгууллагын удирдлага солигдсон, УИХ болон орон нутгийн хоёр сонгууль болж буйтай холбоотой хэмээн мэдээлэл хийсэн албаныхан тайлбарлаж байсан юм. Түүнчлэн орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нэр дэвшигчдээс ХОМ-ийг ямар журмаар авах ёстой талаар ч мөн танилцуулсан. АТГ мэдээллээ өгсөний дараа тус байгууллагад шалгагдаж байгаа улс төрийн болон төрийн албан хаагчдын хэрэг ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгсөн юм.
Төрд нэртэй, түмэнд харшилтай Засаг дарга нарын нэг Г.Нямдаваагийн хэрэг прокурорт шилжлээ
Ховд аймгийн Засаг дарга болсон цагаасаа эхлэн аймгийн томоохон албан тушаалд өөрийн ах дүү, хамаатан садангийнхаа хүмүүсийг тавьж хууль бус үйлдэл хийх болсон хэмээн хэл ам дагуулж байсан. Г.Нямдавааг АТГ шалгаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Түүнийг БНХАУ-аас аймгийнхаа гэрэлтүүлгийн хэрэгслийг авахдаа их хэмжээний загас бариулах зөвшөөрөл олгосон. Мөн Хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой тендер будилуулж, танил талдаа давуу эрх олгосон гэх шалтгаанаар АТГ-аас шалгах болсон юм. Хэргийн мөрдөн шалгах явцыг Ховд аймагт нь хийхээр болж АТГ-аас ажлын хэсэг томилогдон ажилласан бөгөөд АТГ түүний хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Ингэснээр том толгойтой, төрд нэртэй, түмэнд харшилтай гэгдэх Засаг дарга нарын нэгний хэрэг шийдэгдэж байна.
Сара Армстронгийн хэрэгт “Моннис”-ийн Б.Чулуубаатарыг сэжигтнээр татан шалгаж байгаа нь үнэн гэв
Австрали улсын иргэн Сара Армстронгийг АТГ-аас Буянт-Ухаа нисэх онгоцын буудал дээр саатуулан,байцаалт авах шаардлагатай хэмээн үзэж хилээр гарах эрхийг нь хасаад байгаа. Түүний хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас хэргийн талаархи мэдээллийг нууцалж буй. Одоогоор хэвлэл мэдээллээр таамаг төдий зүйлүүд мэр сэр яригдаж байгаа. Тухайлбал, Канадын хөрөнгө оруулалттай “Саус-Гоби Сэндс” компанийг 150 тэрбум гаруй төгрөгийн татвараас зайлсхийсэн хэмээн өнгөрсөн тавдугаар сараас эхлэн сэжиглэн шалгаж байгаа юм. Түүнээс гадна тус компанийн захирал Жейсон Капла нарын хэд хэдэн хүнийг байцааж Монголоос гарч явахыг нь хориглосон байгаа гэх. Энэ хэрэгтэй холбоотой шинэ мэдээлэл гэвэл Сара Армстронгоос өнгөрсөн баасан гарагт мэдүүлэг авахдаа түүнийг өмгөөлөхөөр ирсэн Австрали улсын өмгөөлөгч болон тус улсын элчин сайдын яамны хүмүүсийг оролцуулаагүй нь хууль зөрчиж байгаа асуудал хэмээн яригдах болсон. Энэ талаар АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбат “Манай улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтэн яллагдагчаар хэн нэгнийг байцаахдаа өмгөөлөгчийг оруулах ёстой байдаг. Гадаадаас ирсэн өмгөөлөгч, ажиглагч гэх хүмүүсийг оролцуулах талаархи эрхзүйн зохицуулалт байдаггүй. Түүнээс гадна Сара Армстронгийн өмгөөлөгч монгол хүн байгаа” гэсэн юм. Түүнчлэн Сара Армстронгийн холбогдсон энэ хэрэгтэй холбоотойгоор “Моннис” группын захирал Б.Чулуунбаатарыг шалгаж байгаа юм байна. Ингэхээр сүүлийн үед хэн бүхний анхаарлын төвд ороод байгаа энэ хэрэгт Монголын нэр нөлөө бүхий албан тушаалтнууд ар араасаа сэжигтэнээр татагдах бололтой.
ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагваад АТГ-аас эрүү үүсгэн шалгаж эхэлжээ
ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагваа тэргүүтэй зөвлөлийн зургаан гишүүний хийсэн үйлдлийн талаархи өргөдлийг тус газрын одоогийн дарга О.Магнай АТГ-т өгсөн. Үүнийг АТГ гомдол мэдээллийн хэмжээнд үзэж байсан ч хянан шалгаж цаашид үргэлжлүүлэн эрүү үүсгэн шалгаж эхлэхээр болжээ. Эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа дээрх хүмүүс нефть импортлогчидтой үгсэн хуйвалдаж шатхууны үнийг литр тутамд 200-300 төгрөгөөр нэмсэнийг өнгөрсөн нэгдүгээр сард тогтоосон. Иймээс тэднийг 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарсан ч ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва үүрэгт ажлаа авмагцаа энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон. Тиймээс О.Магнай тэргүүтэй ШӨХТГ-ынхан өмнөх зөвлөлийнхөө зургаан гишүүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргаж өгсөн нь энэ юм. Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү жагсаалтад ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нар багтаж байгаа.
Интерпол эрэн сурвалжлах эсэхээ эргэж харахаар болов
Энэ долоо хоногийн гол сенсааци дэгдээж байгаа хүн бол Хууль зүйн яамны дэд сайд Э.Эрдэнэжамъян. Олон улсын цагдаагийн байгууллага буюу Интерполд явуулсан захидал нь түүнийг хэвлэл мэдээллийн гол бай болгож, албан тушаалаа урвуугаар ашигласан, мөрдөн байцаалтын явцад саад учруулсан хэмээн АТГ-т сэжигтэнээр татагдахад хүргээд байгаа. Дэд сайд Э.Эрдэнэжамъяны хувьд өөрийг нь АТГ-аас хүчээр байцаалт авах гэж оролдсон хэмээн үзэж мэдэгдэл хийсэн. Харин АТГ-ын хувьд хүчээр байцаалт авах гэж оролдсон зүйл байхгүй. Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 142 дугаар зүйлд биднийг хууль зөрчөөгүй хүчээр байцаалт авах гэж оролдоогүй талаар тодорхой заасан байгаа гэх хариултыг өгсөн. Түүнчлэн АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбат “Бид хэзээнээс хууль дүрмээ мөрдөн ажиллаж ирсэн. Тэр дундаа том албан тушаалтантай холбоотой асуудалд хууль зөрчиж ямар нэгэн асуудал үүсгэх эрх байхгүй. Хамгийн гол нь энэхүү явуулсан захидлыг интерпол чухалчилж үзээд байгаа шалтгаан нь Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан тэдэнд хандсанд л байгаа юм. Энэ ч үүднээс интерпол Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг цаашид эрэн сурвалжилах эсэхээ эргэж харахаар болсон тухай бидэнд мэдүүлсэн ” гэсэн юм.
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид АТГ-гийн хараанд өртөж эхэллээ
Сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар сурталчилгаа явуулахыг Сонгуулийн ерөнхий хорооноос хориглоод байгаа юм. Харин энэ удаагийн Орон нутгийн сонгуульд Дархан-Уул аймгаас нэр дэвшиж байгаа “Шарын гол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан Б.Насанбатыг АТГ-аас шалгаж эхлээд байна. Энэ тухай албаны эх сурвалж хэлэхдээ, “Б.Насанбат өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан. “Шарын гол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж алтны судал илэрсэн үед хууль бусаар, нууцаар олборлож хувьдаа завшсан. Энэ хууль бусаар олсон мөнгөө орон нутгийн сонгууль эхэлж буй энэ үед Дархан- Уул аймгийн сонгогчдод тараасан баримт байна. Тиймээс түүнийг энэ хууль бус үйл ажиллагаагаа даруй зогсоохыг дарханчууд хүсч байгаа юм” гэв. Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн тоог Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор зарлаад буй. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийт 16369 нэр дэвшигчид өрсөлдөхөөр болжээ. АТГ-аас шалгагдаж буй зарим нэр дэвшигчийг эргүүлэн татахыг хүссэн албан бичгийг Дархан-Уул аймгийн хэсэг сонгогчид Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлээд байгаа юм. Мөн сонгуультай холбоотойгоор АТГ-д шалгуулах болон Сангийн сайд асан Хаянхярваагийн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа билээ.
ТЕГ-ын дэд даргын хэргийг хоёр хэсэгт хуваан шалгаж байна
Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг арав гаруй аж ахуйн нэгжийн татварын өрийн асуудлыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хөнгөлж, барагдуулсан гэх хэргийг АТГ болон Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах газар хамтран шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад түүний үйлдсэн хэргийг хоёр хуваан үзэж аж ахуй байгууллагатай холбоотой хэргийг Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах газар шалгаж үзэхээр болсон бол АТГ авлигын хэргийг нь шалгаж үзэхээр болж хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа юм байна.
Г.Түмэнтогос
Эх сурвалж: "Монголын Мэдээ"