Татварын ерөнхий газрын дарга Ж.Батбаярыг шалгаж байна
Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг хээл хахууль, авсан байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газарт, албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Улсын мөрдөн байцаах газарт тус тус шалгаж байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Ж.Батхуягийг арав гаруй аж ахуй нэгжийн татварын өрийн асуудлыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хөнгөлж, барагдуулсан. Мөн НӨАТ-ын падаан их хэмжээгээр хууль бусаар ашигласан байж болзошгүй гэж үзэн холбогдох хууль хяналтынхан шалгаж байгаа юм. Ж.Батбаяр өнөөдөр үүрэгт албаа хашиж байгаа юм.
үүсгэн шалгаж байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан Б.Лхагваа тэргүүтэй зөвлөлийн зургаан гишүүнийг АТГ шалгаж эхлээд байгаа. Тэднийг нефтийн компанийн удирдлагуудад оноосон шийтгэврийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуйвалдан цуцалсан гэх шалтгаанаар шалгаж байсан. Энэ хэргийг албаны эх сурвалжаас тодруулахад, “ШӨХТГ-ын зөвлөлийн гишүүдэд холбогдох хэргийг хянаж үзээд “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй” гэсэн шийдвэр гаргасан. Одоо Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нефть импортлогчдыг үгсэн хуйвалдаж шатахууны үнийг литр тутамд 200-300 төгрөгөөр нэмснийг өнгөрсөн нэгдүгээр сард тогтоож, тэднийг нийт 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарсан ч ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва үүрэгт ажлаа авмагцаа энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Тиймээс тус газрын шинэ дарга О.Магнай тэргүүтэй ШӨХТГ-ынхан өмнөх зөвлөлийнхөө зургаан гишүүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргасан юм. Үүнд ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нарыг шалгаж байгаа аж.
“Саусгоби Ресурс” компанийн ахлах зөвлөх Сара Армстронгийг АТГ-т шалгаж эхлээд байгаа. АТГ-аас Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг мөрдөн шалгах явцад “Саусгоби Сэндс” компанийг зайлшгүй шалгах хэрэгтэй болсон. Тиймээс энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэж үзэн, тус байгууллагын хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг Буянт-Ухаагаас гадаад руу нисэх гэж байхад нь АТГ түр саатуулан шалгасан. Түүнийг ямар хэрэгт сэжигтнээр татсан тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Одоогоор Сара Армстронгийг яг ямар хэрэгт сэжигтнээр татсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна. Түүнийг цагдан хорьсон тухай мэдээлэл ташаа юм. Түүнийг Монгол Улсын хилээр гадагш гарах эрхийг нь түр түдгэлзүүлсэн байгаа” гэв.
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн зургадугаар сараас шалгаж эхэлсэн. Тэднийг байгууллагын орлого болох 23 сая 750 мянган төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж байгаа юм. Энэ хэргийн талаар Х.Оюунчимэг “Намайг АТГ-аас хэд хэдэн удаа дуудаж байцаалт авсан. Би тэр мөнгийг хувьдаа завшаагүй. Гэхдээ АТГ-аас намайг буруугүй гэсэн. Надад хийсэн гэм байхгүй. Энэ хэргийг шалгаж бараг дууссан шүү дээ” гэж өнгөрсөн наймдугаар сард хариулж байсан. Энэ талаар АТГ-ын Мөрдөн байцаах газрын дарга Э.Амарбатаас тодруулахад “Бид Гэрлэх ёслолын ордны дарга х.Оюунчимэгийг албаны мөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хавтаст хэрэг нээн, шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.
МАХН-ын дарга, дөрвөн жилийн ял эдлэж байгаа Н.Энхбаярт холбогдох хэрэгт хамсаатан байж болзошгүй гэх үндэслэлээр түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг АТГ-аас Олон улсын Интерполын байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа. Гэтэл арваад хоногийн өмнө Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян олон улсын интерполын байгууллагад “Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох” тухай хүсэлтийг Хууль зүйн дэд сайдын нэр дээр хаяглан явуулсан байна. Тиймээс Авлигатай тэмцэх газраас дэд сайдыг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган эрүүгийн хэрэгт сэжигтнээр өчигдөр татан шалгаж эхлээд байна.
ажиллагаа үргэлжилж байгаа
Н.Энхбаярын гэх тодотголтой хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр болон НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормаа нарыг шалгаж байна. Ц.Батбаяр 2007 оны наймдугаар сарын 17-нд анх “Өргөө”, “Дүнжингарав″ зочид буудлын менежментийг сайжруулах тухай саналыг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан. Улмаар НИТХ-аас 159 тоот тогтоол гаргаж зочид буудалд хөрөнгө оруулах хувийн хэвшлийн төсөл сонгон шалгаруулж, дүнг нь танилцуулахыг даалгасан байна. Гэтэл тэрээр ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, “Хар дун” компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун-Өргөө” компани шинээр байгуулах асуудлыг НИТХ-д өргөн барьж. Ингээд НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Өргөө” зочид буудал “Хар дун” компанийнх болжээ. Тухайн үед НИТХ-ын таван гишүүний гурав нь санал нэгтэйгээр “Хар дун”-д өгөхөөр санал нэгдсэн байдаг. Мөн тэр үед “Хар дун” хэнийх нь ч үл мэдэгдэх, нэр төдий компани буюу “Өргөө”-г авахаас ердөө наймхан хоногийн өмнө буюу 2007 оны аравдугаар сарын 9-нд байгуулагдсан аж. Түүнээс зургаа хоногийн дараа Ц.Батбаяр “Өргөө”-г энэ компанид нэгтгэх саналыг НИТХ-д оруулсан байна. НИТХ нь аравдугаар сарын 17-нд хамтарсан компани байгуулах шийдвэр гаргасан байна.
НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормааг нийслэлийн өмчийн оролцоог тогтоохдоо зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн 468 сая төгрөгийг 25 хувь, “Хар дун” компаниас ирүүлсэн төслийн дүн болон 1.8 тэрбум төгрөгийг 75 хувь гэж үзэн аж ахуйн нэгжүүдийн дунд төсөл, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд байгуулсан байдаг. Үүнд Ц.Батбаярыг албаны эрх мэдлээ ашиглан хууль бусаар оролцож, дэмжлэг үзүүлсэн хэмээн АТГ-т өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас шалгаж эхэлжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Ж.Амарсанаад холбогдох хэрэгт Тагнуулын ерөнхий газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж байгаа. Ж.Амарсанааг сонгуулийн үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, сонгогчдын нууцын зэрэглэлтэй баримтуудыг хууль бусаар ашигласан хэмээн шалгаж байгаа аж.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгтэй холбоотой зарим хүн гадаадад байгаа нь хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй учир тусгаарлан шалгаж эхэлсэн. Тухайлбал, НИТХ-ын дарга Т.Билэгт жилийн өмнө гадаадад эмчилгээ хийлгэхээр яваад сураггүй алга болсон. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын “Улаанбаатар таймс” сонин болон “Өргөө” зочид буудлын барилгыг хууль бусаар өмчилж авсан гэх хэрэгт буруутган, сэжигтнээр тооцон, шалгахаар болсон билээ. Гэвч түүнийг Интерполоор эрэн сурвалжлан олохгүй байгаа учраас хэргийг нь тусгаарлан үргэлжлүүлэн шалгаж байна. Түүнийг албан тушаалаа ашиглан “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хувьчлах захирамж гаргасан гэж буруутгаж байгаа юм. Өдгөө нурсан балгас гэж яриад байгаа “Улаанбаатар таймс” сонины газрыг Японы нэгэн компани таван сая ам.доллараар авах санал тавьж байсан аж. Мөн энэ хэрэгт холбоотой гэгдэх Н.Энхбаярын дүү н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа юм.
Д.ЖАРГАЛСҮРЭН