МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч байсан Э.Эрдэнэжамьянгийн нэр олны чихэнд танил болоод нэг жилийн ч нүүр үзээгүй. Гэтэл “Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна” гэж хашгирсаар элдэв тайлбар хийсээр ялын тогтоол гардахад хүргэсэн нь түүнийг ямар хэмжээний хуульч болохыг нь харуулсан. Хамгийн сонирхолтой нь тэрбээр Хууль зүйн дэд сайдаар томилогдоод сар гаруйхны хугацаа өнгөрөхөд хууль зөрчин интерполд захидал бичдэг байна шүү.
Э.Эрдэнэжамьян Н.Энхбаярын байгуулсан МАХН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдоод нэг жил ч болоогүй байна. Гэтэл төрийн яамны дэд сайдаар томилогдчихоод намынхаа даргад үйлчилж Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт захиа илгээжээ. Түүний захидалд хэдхэн сарын өмнө шүүхээр хэрэг нь шийдэгдэж, ялын тогтоолоо гардаад авчихсан Н.Энхбаярыг улс төрийн хэргээр хоригдож байгаа эсэхийг шалгаж өгөөч гэж гуйсан байна.
Энэ нь Монгол төрийн хууль, шүүхийн байгууллагын нэр хүндийг олон улсын хэмжээнд унагаж, түүнийгээ дэлхий дахинд зарлан тунхаглаж байгаа хэрэг юм. Мөн түүний дүү Н.Энхтуяа, туслах асан Б.Хуяг нарын интерполоор эрэн сурвалжлах ажиллагаагаа зогсоож өгөөч гэснээрээ Монголын Хууль зүйн дэд сайд хуулиа мэддэггүй төдийгүй шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж буйг харуулав.
Хамгийн гол нь эндээс Монголын цагдаагийн байгууллагын хүсэлтээр интерпол эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулж байхад үүнд харьяа салбарын дэд сайд нь саад хийхийг хүсэж, албан тушаалын илүү байдлаараа аархаж буйг төвөггүй харж болохоор байна. Ямартай ч Хууль зүйн дэд сайд тэнэг алхам хийчихлээ. Үүнд нь хуулийн байгууллага даруй хариуцлага тооцож эрүүгийн хэрэгт татаж байна. Харин Засгийн газрын танхим ямар хариуцлага тооцохыг таашгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлснээр бол тус намынхан бүгдээрээ ийм үүрэг амлалт авчээ. Өөрөөр хэлбэл албан тушаалд очсон хүн бүхэн Н.Энхбаярыгаа өмөөрч интерполд захидал бичнэ гэж ам өчгөө өгсөн бололтой юм. Яаж бодохоороо МАХН нэгдүгээрт, төрийн сайдын алба хоёрдугаарт гэж эрэмбэлж чадаж байна аа. Энэ нь ерөөсөө л МАХН-ынхны зорилго юунд чиглэж байсныг харуулж байна.
Юуны өмнө албан тушаалд очих, түүгээрээ түрээ барьж Н.Энхбаярыг суллуулах гэж бүх боломжоо ашиглах явдал аж. Жич: Хууль зөрчөөд ч хамаагүй. Энэ явдал харин ч МАХН-ынхан гэж хэн болохыг харууллаа. Эхнийх нь Э.Эрдэнэжамьян байж. Дараагийнх нь хэн байх бол. Магадгүй Эрүүл мэндийн сайд Н.Энхбаярын эрүүл мэндэд “онцгойлон” анхаарч хууль зөрчсөн шийдвэр гаргахыг хэн ч байг гэхгүй. Тэр тохиолдолд хууль зөрчсөн явдлыг нь шүүмжилж, хариуцлага тооцно гэвэл мөн л ингэж улстөржүүлэх нь тодорхой.
Ерөөсөө Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томилох шийдвэртэй хамт Н.Энхбаяр, түүний хэвтэж эмчлүүлж буй нэгдсэн хоёрдугаар эмнэлэг нүдэнд харагдаж байсныг нуух юун. Энэ тохиолдолд тэдэнтэй хариуцлага тооцох ёс зүй, хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх төрийн эрх мэдлийг нэгдүгээрт тавих учиртай. УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүдийн тухайд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх дор нуугдан хугацаа алдаж мэдэх талтай.
Харин Э.Эрдэнэжамьянгийн хувьд энэхүү ноцтой асуудал үүсгэснийх нь төлөө хариуцлага тооцож яагаад болохгүй гэж. Эвслийн Засгийн газрын гэрээнд “Хууль зөрчсөн тохиолдолд…” гэсэн үг, үсэг байхгүй. Тиймээс төрийн хуулийг нэгдүгээр тавих ёстой. Тэр тусмаа Хууль зүйн дэд сайд, хуульч, өмгөөлөгч хүн эрх мэдлээ ашиглан, түүгээрээ интерполын явуулж буй үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдож буйг хүлээн зөвшөөрөх аргагүй юм.
Төрийн хууль, шүүхийн шийдвэрийн тухайд ямар ч нөхөрлөл байхгүйг МҮАН-ын дарга М.Энхсайханы мэдэгдэл нэгэнтээ харуулсан. Тэрбээр Монголын улс төрийн сүүлийн 20 жилийн түүхэнд олон ч нам, улстөрчтэй салж, нийлж явсан. Харин улстөрчдийн нөхөрлөл нь хаа хүртэл үргэлжилдгийг тэр мэддэг аж. Тиймдээ ч “Нэгэнт шүүх шийдвэрээ гаргасан. Тэр тусмаа Н.Энхбаярын шүүх хурлыг нээлттэй явуулсан. Харин би одоо Н.Энхбаярыг хэлмэгдсэн гэж бодохгүй байна” гэснээрээ эгзэгтэй мөчид ямар зөв шийдвэр гаргаж чаддагаа харуулсан юм. Өөрөөр хэлбэл М.Энхсайхан улс төрийн эрх ашгийнхаа дээр төрийн хуулийг тавьж чаддаг төрийн бодлоготон гэдгээ нотолсон юм.
Дашрамд дурьдахад Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-ынханд итгэл хүлээлгэж хамгийн эгзэгтэй, хариуцлагатай албаа хүлээлгэн өгсөн. Хэрэв Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Байгаль орчны дэд сайд Б.Тулга нар цаашид намаа, Н.Энхбаяраа Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны үүрэг хариуцлагаас дээгүүрт тавиад байвал цаашид эвсэж хамтраад хол явахгүй биз ээ.
Л.Баярмаа
Эх сурвалж: “Улс Төрийн Тойм”