logo
 У.Хүрэлсүх Чингисийн хойд дүр бөгөөд Х.Чойбалсан шиг улсаа цэнгэлийн манлайд хүргэх гэнэ

У.Хүрэлсүх Чингисийн хойд дүр бөгөөд Х.Чойбалсан шиг улсаа цэнгэлийн манлайд хүргэх гэнэ

2012/11/01

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хэдийнэ эхэлсэн бололтой хүмүүс минь. Ирээдүйд Монгол Улсыг удирдаж залах хүн нь МАН-ын генсек асан, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх байх юм гэнэ. Тэрбээр ирээдүйн Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө цоллуулж, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Сү.Батболд нараа хол хаяж яваа сурагтай. 

Түүнийг магтаж бичсэн нэгэн нийтлэл цахим хуудсаар тархаж байна. МАН-ыг дан ганц цэнгэлийн манлайд хүргэх чадварлаг лидерүүдийн түүчээ болсон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг нэн тэргүүнд онцлон бичиглэхийг хүслээ гэсэн социализмийн үеийн уриа шахуу материал гарсан байх юм. Тэгээд бүр Хэнтийн нэг удган түүнийг эзэн Чингисийн хойд дүр хэмээн нэрлэсэн гэнэ шүү бурхан минь. 

Аравдугаар ангиа төгсөөд цэргийн сургуульд орсон нь цохилох зүрхтэй эх оронч гэдгийг нотолсон, намын доторх залуучуудын үзэл суртлыг хариуцан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын үйл хэргийг нэр төртэйгээр залгамжилж чадсан гэнэ. Эр цэрэгт хатуужсан хурандаагийн хувиар адгийн шааруудыг цохиж унагах нь энүүхэнд бололтой. 

Эзэн Чингис эцэг нэгтэй ах Бэгтэрийгээ харван хөнөөж байсан түүхтэй. Тэгвэл түүний хойд дүр болсон У.Хүрэлсүх өрсөлдөгчдөө олон долоон үгээр биш эр хүний жинхэнэ хүчит нударгаар номхотгож чаддаг. Манай намд байсан Бямбасүрэн гэгч өвгөнийг нам цохисон нь зөв байсныг цаг хугацаа харуулж байгаа гэнэ. За тэгээд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тун ч төстэй. 

Өнгөрөгч хавар интернетэд Путин Хүрэлсүх дарга хоёрыг адилтгасан олон зураг тавигдсан байсан. У.Хүрэлсүх  Путинээс насаар л залуу болохоос бус бусад олон зүйлээрээ дэндүү илүү юм гэнэ. Хүрэлсүхийн нэр түүхэнд алтан үсгээр бичих бололтой.  

Тэр 2016 онд нам ялбал Ерөнхий сайд, эс бөгөөс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвших хүчирхэг лидер хэмээн боддог учраас яг л Х.Чойбалсан шиг энэ улс орныг удирдаж чадах хүн гэж тухайн нийтлэлч үзжээ. Бид хурандаа У.Хүрэлсүхээр энэ улсыг удирдуулж гэмээнэ хоромхон зуурт л цэнгэлийн манлайд хүрэх гэнэ ээ.

Б.Тогтох
Эх сурвалж: "Монголын Мэдээ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш