logo
Нефть импортлогчид Монгол банкийг молигодож, Засгийн газрыг зальдах вий

Нефть импортлогчид Монгол банкийг молигодож, Засгийн газрыг зальдах вий

2012/11/01
ПЕТРОВИС", "НИК" ГЭРЭЭНД НЭГДЭХЭЭР БОЛОВ 

Ойрын жилүүдэд бензин шатахууны үнэ ямар байх бол? Үүнд хэн нэгэн, албаныхан хариулт өгч болох ч таамаглахад тун бэрх. Учир нь манай улс дотоодын хэрэгцээт нефть бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг хойд хөршөөс авдаг. Нэг ёсны бүрэн хараат гэхэд болно.Өнгөрсөн сарын эхээр ОХУ шатахууны экспортын татвараа нэмэгдүүлэв. Энэ нь Засгийн газрыг сүрхий цочоов бололтой. Саяхан "Стратегийн бүтээгдэхүүний санхүүжилтийн схемийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай" Монголбанкны Ерөнхийлөгч, Уул Уурхайн сайдын хамтарсан тушаал гарав. Энэхүү хөтөлбөр батлагдсанаар нефтийн бүтээгдэхүүн импортлогчид нь бага хүүтэй санхүүгийн эх үүсвэртэй болох, шатахууны нөөц нэмэгдэх, жижиглэнгийн үнэ тогтворжино гэж албаныхан үзэж байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Бид шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд Монголбанк шатахууны импортлогч компаниудтай хамтарч гэрээ байгуулж байна. Үндсэндээ экспорт, хилийн үнээс гадна, гадаад валютын үнийн өсөлтийг барих арга хэмжээ болно гэж үзсэн. Гэрээ байгуулснаар шатахууны үнэ тогтвортой болно. Ер нь дэлхийд ирэх жил газрын тосны бүтээгдэхүүн харьцангуй тогтвортой байх хандлага ажиглагдаж байгаа гэв. Тэрээр цааш нь, Төв банктай хамтарч валютын нөлөөллөөс гарахын тулд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох юм. Учир нь нефть бүтээгдэхүүн импортлогч компаниуд шатахуунаа авахын тулд өндөр хүүтэй зээл авдаг. Харин шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд өндөр хүүтэй зээлийг Төв банктай хамтраад хөнгөлөх юм. Үндсэндээ хүү багатайгаар санхүүжүүлнэ. Зээлийн хүүг нэг оронтой тоонд барих байх. Гэхдээ тухай бүрт нь Төв банк хүүгийнхээ хэмжээг зарлаад явна" гэлээ.

Одоогийн байдлаар, "Шунхлай", "Эм-Ойл", "Магнай трейд", "Монсуль рысжан" зэрэг дөрвөн компани гэрээ байгуулаад байна. Мөн "Петровис", "НИК" компаниуд, гэрээнд гарын үсэг зурахаа илэрхийлсэн байна. Уг гэрээг дөрвөн жилийн туршид мөрдөхөөр хийжээ.

РОСНЕФТЬ А-92 БЕНЗИНЭЭ 44 AM.ДОЛЛАРААР НЭМЖЭЭ
Манай улсын нэг жилийн шатахууны хэрэгцээ нь нэг сая тонн. Уг нь тийм ч их тоо биш. Хамгийн хяслантай нь Монгол Улс дотроо нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, түүний түүхий эд нь тун хомсдуу байгаа юм. Тиймдээ бид гадны улсыг царайчилж, хөлд нь суудаг нь тэр. Одоо манайд шатахуун нийлүүлдэг ОХУ-ын нефть бүтээгдэхүүний үнэ ямар байгааг сонирхъё. ОХУ өнгөрсөн 10 дугаар сарын нэгнээс шатахууны экспортын татвараа 6.4 хувиар нэмсэн. Иймд "Роснефть" Монголд нийлүүлдэг шатахууны үнээ нэмсэн байна. Тухайлбал А-80 бензин тонн нь 1101 ам.доллар байсан бол 1133 доллар болж 33 ам.доллараар нэмэгджээ. Мөн А-92 бензин 44 ам.доллараар нэмэгдэж 1345 ам.доллар болсон байна.

Сүүлийн долоо хоногийн байдлыг ажихад дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ эргээд өсөх хандлагатай болов. Өсөлтийн энэхүү шалтгааныг Их Британи, Хятадын эдийн засгийн байдалтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Тухайлбал, Лондоны бирж дээр Брент маркийн түүхий нефтийн үнэ өмнөх өдрөөсөө 0.31 ам.доллараар өсч, нэг баррель нь 108.6 ам.доллараар арилжаалагдсан байна. Харин Нью-Йоркийн бирж дээр Техасын түүхий нефть баррель нь 85.67 ам.долларт хүрч, 0.06 ам.доллараар нэмэгджээ. Статистик мэдээллээр энэ онд Брент маркийн газрын тосны дундаж үнэ форексийн арилжаагаар дунджаар 99 ам.доллар байсан бол сүүлийн саруудад нэг баррель нь 77.56-109.95 ам.доллар хүртэл хэлбэлзжээ.

ШИНЖЭЭЧДИЙН ТААМАГЛАЛААР НЭГ БАРРЕЛЬ НЬ 120 АМ.ДОЛЛАРААС ХЭТРЭХГҮЙ ГЭНЭ
Шинжээчдийн үзэж буйгаар ирэх жил нефтийн үнийн өсөлт нь баррель нь 120 ам.доллараас нэг их хэтрэхгүй бололтой. Энэ бол ердөө л таамаг. Түүхий нефтийн зах зээлийн үнэ ханшийг нарийн тооцоход хүндрэл учруулах олон хүчин зүйл байгаа. Тухайлбал Евро бүсийн санхүүгийн хямрал юм. Үүнтэй уялдан хар алтны эрэлт хэрэгцээ аажмаар буурч болох ч дээрх бүс нутагт хүргэх тээвэрлэлтийн зардал нэмэгдэж мэднэ гэсэн яриа гарсаар байна.

Харин Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны сүүлээр хурдасч эхэлбэл, нефть бүтээгдэхүүний эрэлт ихэсч мэдэх юм. Одоо дэлхийн улс орнууд газрын тосны хангалтаа өөрсдөө бие дааж шийдэх бодлого руу шилжиж эхэллээ. Жишээ нь АНУ дотоодын нийт нефть бүтээгдэхүүнийхээ 86 хувийг өөрсдөө хангадаг байна. Өөрөөр хэлбэл нефть бүтээгдэхүүн экспортолдог улс орнууд "хувиа бодож довоо шарлуулах" бодлого явуулж байна гэхэд хилсдэхгүй. Энэ нь нүүрлэж болзошгүй дэлхийн санхүүгийн хямралтай холбоотой байж ч мэдэх юм.

ЗЭЭЛИЙН ХҮҮ МАШ БАГА,НЭГ ОРОНТОЙ ТООНД БАЙХААР ДУУЛДАНА
Ийм нөхцөлд Шинэчлэлийн Засгийн газар шатахууны үнийг тогтвортой барих ажлаа эхлэв. Тэдний үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "шатахууны бөөний худалдааны татварын хөнгөлөлт эдлүүлдэг тогтолцоог өөрчилж, жижиглэнгийн үнийг тогтворжуулах бодлого барина" гэсэн заалт бий. Амлалтаа хэрэгжүүлбэл сайн хэрэг. Гэхдээ дөрвөн жилийн хугацаанд шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих нь юу л бол гэсэн яриа гарч эхлэв. Энэ үг ортой ч байж мэдэх юм. Дөрвөн жил байтугай, ганц хоёр жилийн дотор хойд хөрш ОХУ нефть бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг дахин хөдөлгөхийг хэн ч мэдэхгүй. Тэгвэл хүссэн хүсээгүй нефть импортлогч компаниуд жижиглэнгийн үнээ нэмэхэд хүрч хямд зээл өгснөөрөө банк эрсдэлээ үүрэхэд хүрнэ. Иймдээ тулбал одоо байгуулж буй гэрээгээ яах вэ? Цуцлах уу, цааш нь явуулаад байх уу? гээд олон асуудал гарна. Гэрээнд оролцогч талуудын тохиролцсоноор шатахуун импортлогчдод өгөх зээлийн хүү зах зээлийнхээс маш бага, нэг оронтой тоонд байхаар дуулдаж байна. 

Энэ нь наанаа шатахууны жижиглэнгийн үнийг барихад чиглэсэн зээл мэт харагдавч цаанаа мөн л нөгөө хөнгөлөлт, чөлөөлөлт юм. Засгийн газар урьд өмнө шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлт, чөлөөлөлт бишгүй л өгч байсан. Тэглээ гээд хэр ахиц гарлаа даа. Дотоодод шатахууны хомсдол гарч, гадны нийлүүлэлт багассан. ОХУ-д экспортын татвар хөдөлсөн зэрэг нөхцөлд бензин, түлшний үнэ байнга дээшилж байв. Тэр бүхний үр дүн нь одоогийн байгаа энэ үнэ. Энэ үнийг тав, арван жилийн өмнөхтэй харьцуулбал "нүд босмоор" тоо гарах биз. 


Ш.Батцогт
Улаанбаатар таймс 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш