Алдарт У.Шекспирийн “Гамлет” жүжиг хэдхэн хоногийн дараа Монголын тайзнаа амилна. Жүжгийн уран бүтээлчид өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд нууцаа дэлгэлээ.
Уг алдарт жүжгийг анх 1601 онд тайзнаа амилуулсан гэх баримт байдаг. Тэгвэл дөрвөн зуун жилийн хугацаанд дэлхийн бараг л бүх улс уг гайхамшигт бүтээлийг өөр өөрийнхөөрөө амилуулах гэж хичээсээр иржээ. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн бүтээх “Гамлет” тэдгээрээс юугаараа ялгаатай байх бол, ямар нэгэн зүйлээр давуу байж чадах болов уу гэсэн бодол толгойд эргэлдсээр багагүй хугацааг үдсэн билээ.
“Гамлет”-ын багийнхныг эртнээс таних боловч дээрх асуултад хариулт олохын тулд яг л анх удаа харж байгаа мэт нэг нэгээр нь анхааралтай сонжив.
Нийгмийн золиос, нууцын тайлал Офелия
“Орших уу, эс орших уу” хэмээх мөнхийн асуултдаа хариулт авахын тулд бүх хүн жүжгийн гол дүрд анхаарлаа хандуулдаг. Харин надад гол дүр Гамлетын нөгөө тал болсон Офелиягийн дүр хамгийн сонин байлаа.
Жүжигчин А.Ганчимэгийг хамгийн сүүлд Офелиягийн шалгаруулалтын үеэр харсан санагдана. Харин тэрбээр өчигдөр тэр үеийнхээс огт өөр харагдаж байлаа. Хэдхэн хоногийн өмнө цагаан даашинзтай, сэгсгэр үстэй, сэтгэцийн гүн хямралд орсон дүртэй байсан бүсгүй өчигдөр урт хөх даашинзаар гоёж, үсээ чамбайлан засч, нүүрээ нэлээд тод буджээ. Танхимд цугларсан сэтгүүлчдийн зүг хааяа нэг нялх хүүхдийнх шиг энхрийхнээр инээмсэглэж, орчин тойрноо яг л анх удаа харж байгаа мэт нүдээр сонжин суух түүний харцнаас вангийн эрхэмсэг хатан, эрх ямбатай гүнжийн дүр огт тодрохгүй. Цэвэр ариун, хиргүй тунгалаг, эрхэмсэг дээдийн туйл болсон гэнэн хонгор Офелия ийм л байх болов уу гэмээр.
Хүн бүр Офелияг солиорсон бүсгүй хэмээн хүлээн авдаг бол А.Ганчимэг түүнийг эрүүл саруул ухаантай боловч хийж байгаа үйлдэл нь солиотой юм гэдгийг хамгийн түрүүнд олж харж, илэрхийлж чадсанаараа ерөнхий найруулагчийн “хайрыг булааж” чадсан билээ. Мөн тэрбээр дүрийн шалгаруулалтын үеэр бусдаас содон шийдлийг гаргаж ирсэн. Бүх жүжигчин цэцэг тасдаж байсан бол А.Ганчимэгийн Офелия ээжийгээ, аавыгаа, Гамлетыг гэж бодон хайрладаг хүүхэлдэйгээ мөчлөөд, хүмүүст цэцэг хэмээн тарааж өгсөн юм. Тэрбээр Офелияг хашир туршлагатай жүжигчин бус сургуулиа төгсөөд удаагүй, олон жүжигт тоглож, “санаа суугаагүй” залуу жүжигчний нүдээр олж харсан нь жүжгийн багийнхны сэтгэлд ч хүрч байгаа бололтой. Энэ ч утгаараа А.Ганчимэг бусдаас огт өөр Офелияг амилуулж чадна гэсэн итгэл төрсөн.
Түүний сэлгээ жүжигчин МУСТА Д.Ганцэцэг гадаад төрх, биеэ авч яваа байдал, зан араншин, дадлага туршлага гээд олон зүйлээрээ залуу жүжигчнээс ялгаатай. Тайзан дээр зэрэгцээд сууж байхыг харахад л тэд юугаараа ялгаатай нь мэдрэгдэнэ. Гэнэн цагаахан боловч цаанаа л эрхэмсэг, төрөлхийн язгууртны төрхтэй Офелияг чухамдаа Д.Ганцэцэг л хамгийн сайн бүтээж чадах биз ээ.
Гамлет ард түмний саруул ухаанаар “тэсэрнэ”
“Гамлет” Монголын тайзнаа, тэр дундаа Монголын үзэгчдийн сэтгэлд орших уу, эс орших уу. Тодруулбал, XXI зууны Монгол Гамлетын хувь заяа жүжигчин С.Болд-Эрдэнийн гарт байна.
Тайз, дэлгэцийн урлагт хүчин зүтгээд 20-иод жилийг ардаа үдсэн тэрбээр алдарт “Гамлет”-ыг хэрхэн “бүтээх” бол. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар дэлхий нийтийн танил болсон хардагч, өшөө авагч, галзуурагч Гамлетыг эсрэгээр нь харуулахыг хүсчээ. Тэрбээр “Ард түмэн зарим үед дарлагддаг ч эцсийн эцэст тэд саруул ухааны далай юм. Тиймдээ ч мөнхөд оршдог. Ард түмний энэхүү саруул ухаанаар Гамлетаар дамжуулан илэрхийлэхийг зорилоо” хэмээсэн. Тэгвэл С.Болд-Эрдэнэ “Нийгмийн ёс бусын гажуудлыг олж хараад, түүнийгээ өөрийнхөө солиорлоор дамжуулан хүмүүст хүргэж байгаа Гамлетыг бүтээхээр хичээж байна. Гамлет бол хардагч, хонзогногч биш. Тэр бол зүгээр л үнэний эрэлд хатаж яваа нэгэн юм” гэлээ.
Магадгүй, дуу цөөтэй болохоороо ч тэр үү, олон хүнд “дотуур тамиртай” нэгэн мэт харагддаг жүжигчин С.Болд-Эрдэнийг найруулагч нь “дотогшоо хүн” гэж тодорхойлсон. Хамгийн чимээ аниргүй зүйл тэсрэхдээ хамгийн их дуу гаргадаг гэдэг дээ. Энэ ч утгаараа С.Болд-Эрдэнэ “Гамлет”-аар дамжуулан хэрхэн тэсрэхийг чухамдаа энэ сарын 9-ний үдэш л үзэх боломжтой.
П.Цэрэндагва Данийн вангийн хоолойгоор хашхирахыг хүсчээ
“Гамлет” жүжгийн багийн хамгийн ахмад нь ардын жүжигчин П.Цэрэндагва. Тэрбээр бүтээж буй дүрдээ тохируулж, үсээ ургуулсан нь нүдэнд тун ч содон туслаа.
1979 онд “Гамлет”-ыг Монголын тайзнаа амилуулсан багийн бүрэлдэхүүнд оролцон тоглож байсан тэрбээр 33 жилийн дараа Данийн ван Клавдийгийн дүрийг бүтээж буй.
П.Цэрэндагва “Хамтран ажиллаж байгаа залуучууддаа баярлаж байгаагаа илэрхийлэхийн дашрамд, бид ачаа үүрэх чадалтай эсэхээ шалгах асар том сорилын босгон дээр тулж ирээд байна гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.
Бид хоолоо сонгоод, худалдаж авах аргыг нь зааж өгөхөөс биш аманд нь хийж өгдөггүй нийгмийн сонгож аваад 20 гаруй жилийг бид ардаа орхилоо. Үүнийгээ ухаарах цаг ч хангалттай байлаа.
Тиймээс би энэ бүтээлд тоглох урилга авсан цагаасаа эхлэн иргэний хувьд эмзэглэж явдаг сэтгэлээ уран бүтээлчийн аргаар илэрхийлэн гаргаж ирэхийг хичээсээр ирлээ. Оршихын төлөө зүтгээд байгаа нэгэн байхад оршиж болохгүй хүн орой дээр гарчихсан байх тохиолдол байгаад л миний сэтгэл эмзэглэдэг. Та бүхэн “Гамлет”-ыг үзсэнээрээ эмзэглээд байгаа хэрнээ хүнд хэлж, санаснаараа хашхирч чадахгүй юм аа гэхэд хашхирч байгаа хүнийг хараад жаахан ч болов уужрах байх гэж найдаж байна” хэмээн онцолсон юм.
П.Цэрэндагвыг хэнийг ч хуулбарлалгүйгээр, оногдсон дүр бүрээ өөрийнхөөрөө бүтээж чаддагийг мэргэжлийн хүмүүс шагшин ярьдаг. Энэ ч утгаараа Монгол Улсын ардын жүжигчин Данийн вангийн хоолойгоор хэрхэн хашхирах нь хэн бүхэнд сонин байх болов уу.
“Том” Урнаа “Энэ хэн бэ” гэсэн үзэгчдийн асуултад хэрхэн хариулах бол
Вангийн хатан Гертрудагийн дүрийг бүтээж буй Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг дүрээ хүмүүст хэрхэн хүргэх нь мөн л олон хүний сонирхлыг татаж, “хорхойг хүргэж” байгаа биз ээ.
Үзэгчид Гамлетын ээжийн дүрээс “Энэ хэн бэ” гэдэг асуултад хариулт авахыг хүсдэг гэдэг. Тэгвэл Улсын драмын эрдмийн театрын тайзнаа олон сайхан хатны дүрийг бүтээсэн “том” Урнаа тэдний асуултад ямар хариулт өгөх бол.
У.Уранчимэг дүрийнхээ тухайд “Аливаа юманд стандарт гэж байдаг. Ёс суртахуун, хүмүүжлийн стандарт байгаа хэм хэмжээнээсээ алдагдаад ирвэл юу болох юм бол. Тэр тусмаа хатан, эх хүний стандарт дэг алдагдвал аймаар юм болно оо доо.
Гертрудагийн дүр маш өндөр цэгээс эхлэх хэрэгтэй. Найруулагчийн өгсөн бүх стандарт алдагдчихсан байгаагаар жүжиг эхэлнэ. “Зул бөхөхийн өмнө бадамладаг” гэдэг дээ. Энэ л Гертрудагийн дүрээр дамжуулан үзэгчдэд хүргэх хамгийн том мессеж юм шүү дээ. “Энэ жүжигчин хэн бэ” гэдэг нь “Гамлет”-ын дүрүүдээр дамжин тодордог ч талтай.
Энэ ч утгаараа жүжгийн өнгө төрх, найруулагчийн харж байгаа өнгө хандлага маш чухал. Энэ багт багтаж байгаа бүх жүжигчин найруулагчийн харж байгаа зүг рүү нэгэн зэрэг харах ёстой” хэмээсэн юм.
Тэрбээр “Гамлет” жүжгийн гол дүрийн үүрэгтэй туслах дүрүүдийн нэгийг Монголын тайзнаа хэрхэн “бадамлуулах” нь ч мөн л оньсого хэвээр үлдлээ.
“Гамлет”-ын тасалбар 50 мянган төгрөгийн үнэтэй
Дээрх оньсогын хариултыг Улсын драмын эрдмийн театрынхан 15-50 мянган төгрөгөөр “худалдах” аж.
Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа шинэ менежерүүд “Гамлет” жүжгийн маркетинг, менежментийг хариуцаж байгаа аж. Тиймээс шинэ санаачилга гаргаж, энэ сарын 9-нөөс өмнө театраа VIP суудалтай болгохоор хичээн ажиллаж байгаа юм байна.