logo
Эдийн засгийн алуурчдын бодлогын хамгийн зэрлэг, хязгааргүй шуналтай хэлбэр нь Оюутолгойн гэрээ

Эдийн засгийн алуурчдын бодлогын хамгийн зэрлэг, хязгааргүй шуналтай хэлбэр нь Оюутолгойн гэрээ

2012/11/03
УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар болон УИХ-ын нэр бүхий 25 гишүүн Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашиггүй гэрээ хэмээн үзэж буйгаа илэрхийлээд УИХ-ын гишүүн Сангийн сайд асан С.Баярцогттой 10 дугаар сарын найманд халз мэтгэлцээн хийхээр дуудсан ч С.Баярцогт гишүүнээс хамааран хойшлоод байгаа.

Уг мэтгэлцээнийг 11 дүгээр сарын долоонд хийхээр товлоод байгаа аж. Хэрэв Оюутолгойн гэрээ нэр бүхий гишүүдийн үзэж буйгаар Монголын ард түмэнд ашиггүй гэдэг нь нотлогдвол хэн, ямар хариуцлага хүлээх вэ? Энэ асуултад С.Ганбаатараас хариулт авлаа.

-Дорой буурай хөгжилтэй улс орнуудад эдийн засгийн “алуурчид”, “залуурчид”- ын бодлого хэрэгжиж улс үндэстнийг мөхөөдөг гэдэг. Оюутолгойн гэрээ тэдний бодлого зорилгоо манай улсад хэрэгжүүлж буй хэлбэр мөн үү?

-Мөн. Эдийн засгийн алуурчдын бодлого хамгийн зэрлэг, хязгааргүй шуналтай, дээрэнгүй хэлбэрээр Монголд хэрэгжиж байгаагийн нотолгоо Оюутолгойн гэрээ.

-Уг гэрээ Монголын ард түмэнд ашиггүй, хариуцлагагүй гэдэг нь тогтоогдвол хэн ямар хариуцлага хүлээх бол?

-Хэн ч бай хариуцлага хүлээх ёстой. Харин хэнд ямар хэмжээний хариуцлага хүлээлгэхээ Монголын ард түмэн мэднэ шүү дээ. Энэ гэрээ бол үнэхээр хариуцлагагүй гэрээ. Гэрээ байгуулж байх явцад би ийм дүгнэлтийг гаргаж хэлээгүй бол бас асуудал өөр. Зургаан жилийн туршид хариуцлагагүй байна, болохгүй ээ гэдгийг хэлж ойлгуулах гэж хичээгээд байхад эргэж хараагүй учраас хариуцлага тооцохоос өөр аргагүй. Гэхдээ хэнд ямар хариуцлага хүлээлгэхийг ард түмэн минь мэднэ.

-Хариуцлага тооцох эрх зүй нь хэр хангалттай бол?

-Төрийн дээд эрх мэдэл нь ард түмэнд бий. Ард түмэн зөв захиа даалгавар өгч зөв шийдлийг гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Оюутолгойн гэрээгээр С.Баярцогт гишүүнтэй мэтгэлцэх нь Та Засгийн газартай мэтгэлцэнэ гэсэн үг. Хүч тэнцвэргүй тулаан гэж зарим хүмүүс үзэж байна. Та ард түмнээсээ ямар дэмжлэг хүсч байна вэ?

-Миний сонсож дуулснаар энэ асуудал дээр гадаадын том PR- ийн компаниудыг хөлсөлж байгаа гэсэн. Миний тэмцэл бүхэн олон түмнийхээ дэмжлэгээр ялалт байгуулж ирсэн. Би ард түмэндээ баярладаг. Ухаалаг төлөв түвшин ард түмнийхээ ухаанаар бахархдаг. Миний хэлж ярьсныг маань гуйвуулах, олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх гэсэн янз бүрийн л зорилготой мэдээлэл ард түмэнд маань өгч байна. 

Гэвч ард түмэн маань толгой, оюунгүй мэт хэн нэгнийг дагаад явах хүмүүс биш ээ. Тэдэнд маакь голч мэргэн ухаан бий. Миний хэлж, ярьж байгааг дэмжиж байгаа бол иргэн та өөрийн итгэлийг үзүүлж сонгосон УИХ-ын гишүүн бүртээ Монголын ард түмний хувь заяа, нийгмийн цаашдын амьдралд голлох нөлөө үзүүлэх энэхүү Оюутолгойн гэрээнд шахалт үзүүлээч, яагаад та нар дуугүй байгаад байгаа юм бэ, УИХ-д гарахдаа та нарт Оюутолгойн гэрээг шударга болгоно гэж гарч ирсэн шүү дээ гэдгийг нь сануулж шаардаарай. Угтаа УИХ-ын гишүүн бол ард түмний “үйлчлэгч” шүү дээ.

Д.Тэгш
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш