Туркийн Курдууд засгийн газрын эсрэг тайван жагсаал цуглаан хийж байсан. Гэхдээ тэд эрх баригчдаас зөвшөөрөл аваагүй. Цагдаа нар гэнэт гудамж талбайг хаан жагсагчдад ямар ч анхааруулга өгөлгүйгээр даралттай усаар шүршиж эхэлсэн. Дараа нь нулимас асгаруулагчаар буудсан. Энэ бол турк болон Курдуудын олон жил үргэлжилсэн тэмцэл, мөргөлдөөний бас нэг нь юм. Курдууд Туркээс салан тусгаарлаахаар сүүлийн 30-аад жил тэмцэж байгаа юм. Туркийн засгийн газрын эсрэг халдлага хүчирхийлэл үйлдсэн, нийгэмд эмх замбраагүй байдал үүсгэсэн хэргээр маш олон Курд хүмүүсийг Туркууд баривчилж торны цаана суулгажээ. Абу Хаимийн охин дөнгөж 18 настай. Түүнийг Туркийн цагдаа нар Террорист бүлгийн гишүүн гэсэн үндэслэлээр баривчилж 2.5 жилээр торны цаана суулгасан. Тэрээр 16 хоног хэлэн дээрээ юм тавилгүй өлсгөлөн зарлаж байгаа юм байна. Түүнтэй хамт шоронд хоригдож байгаа 600 гаруй хоригдол мөн өлсгөлөн зарлаад байгаа. Жагсагчдын гол шаардлага бол шоронд хоригдоод байгаа ПКК буюу Курдийн Хөдөлмөрийн Намын дарга Абдулла Цаланыг суллах шаардлага юм. Туркийн засгийн газар ПКК-г террорист бүлэг гэж тооцдог юм. Тэднийг суллахыг шаардсан хоригдогчдын ар гэрийнхэн эхлээд тайван суулт жагсаал хийсэн. Гэсэн ч цагдаа нар тэдний эсрэг хүч хэрэглэн майхан савыг нь нурааж, тэднийг хөөж явуулснаар эмх замбраагүй байдал үүсчээ. Курдууд бол Туркийн хамгийн их хүн амтай үндэсний цөөнх юм. Тэд Иран, Ирак, Сири гээд баруун Азийн маш олон улсаар тархан байрласан. Хүн амын хувьд бараг 30 саяар тоологдох том үндэстэн юм. Гэхдээ олон улсуудад хуваагдсан, тусгаар биш үндэстэн юм.