logo
Мах бензин хоёр

Мах бензин хоёр

2012/11/05
Махны үнэ өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлттэй байгаа. Цаашдаа ч буурна гэж албаныхан батлаад буй. Энэ сайхан мэдээлэлтэй зэрэгцэн бараан мэдээлэл түгж эхэллээ. Бензины үнэ нэмэгдэнэ гэнэ.

Яг одоогийн байдлаар махны дундаж үнэ хонь, үхэр, адуу, ямаанаасаа шалтгаалаад 8000-4700 төгрөг байна. Сүүлийн үед махны үнэ өсч байсан шалтгаан нь малчидтай холбоотой байсан бөгөөд халамжийн төрөл бүрийн системээс шалтгаалаад малаа нядалж, зарах сонирхол нь багассан гэдэг. Энэ шалтгаанаас болоод зах зээл дээр махны үнэ өсөөд байсан хэрэг. Харин үүнийг хариуцсан яам нь үнийг тогтвортой барина гэдгээ амаллаа. Хэрвээ барихгүй бол инфляцийг хөөрөгдөхөд гол нөлөө үзүүлэх учраас.

Мөн нийлүүлэлтийн дамжлагыг цөөрүүлснээр махны үнийг тогтвортой барихад нөлөөлөх аж. Үүнийг зарим хүмүүс худалдааны салбарт төрөөс шууд орлоо гэж үзэж байж магадгүй. Гэхдээ гадаадын зарим орны жишгээс харвал тодорхой салбарт оролцдог юм байна. Япон улс гурилын үнийг барих бодлого баримталдаг бол АНУ харилцаа, холбооны салбарынхаа үнийг барьж байдаг. Харин манайд махны үнийг төрөөс барьж байгаа нь махны хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг огтоос биш юм. Арав гаруй жил хязааргүй шахам өсч байсан үнийг барихгүй бол таван жилийн дараа нэг кг мах 10-аас дээш мянгад хүрэх магадлалтай гэж судлаачид мэдэгдээд байсныг санахад илүүдэхгүй.

Ийнхүү махны үнэ цаашид буурна гэдгийг мэдэгдэж иргэдийг баярлуулаад байсан ч бензиний үнэ нэмэгдэх сураг дахин дуулдлаа. Энэ нь өнөөх Оростой холбоотой. Уг нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах магадлал ажиглагдаж байгаа ч “Роснефть” компани бензиний үнээ нэмж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Үүнд Монгол руу нийлүүлэх шатахууны бүтээгдэхүүн тонн тутамдаа 49 ам.доллараар нэмэгдэж байгаа аж. Хэдийгээр албаны хүмүүс Засгийн газраас сайн зөвшилцөж чадвал “Роснефть” үнээ нэмэхгүй байх магадлалтай гэж байгаа ч нэмэх эсэх нь “ах нар”-ын асуудал. Учир нь бидэнд тэднээс шатахуун авахаас өөр сонголтгүй учраас.

Одоогоор импортлогч компаниуд аль хэдийнэ үнээ нэмэх тухай яриад эхэлчихэж. Тиймээс  ирэх долоо хоногоос 200-230 төгрөгөөр нэмэгдэх байх гэсэн таамаглал аль хэдийнэ дэгдсэн. Бид урт хугацааны турш газрын тос, шатахууны салбарт нэг улсаас хараат байсаар ирсэн. Уг нь газрын тосны үйлдвэрийг барих асуудлыг аль 10 жилийн өмнөөс ярьсан ч өнөөг хэр нь биеллээ олоогүй л сууна. Хэрвээ нэн даруй энэ асуудлаа шийдэхгүй бол инфляцийг хөөрөгдөх бас нэгэн хөшүүрэг нь болох нь тодорхой билээ.

Б.БОЛОРСҮХ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш