logo
Архи, архичин хоёрын балаг

Архи, архичин хоёрын балаг

2012/11/05
Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт согтуу жолооч айлын гэр дайрч, дөрвөн хүний амь нас хохироосон аймшигт хэрэг гарсан.

Гурван гэр бүлийг хагацалд унагаж, зургаан хүүхдийг өнчрүүлсэн энэ харуусалт хэргийн талаарх мэдээллүүд сүүлийн үед сүрхий улс төржсөн байдалтайгаар сөхөгдөх болов.

Орон нутгийн сонгууль дөхсөн болоод ч тэр үү, “Согтуугаар машин барьж хүний амь хөнөөсөн хэргийн эзнээс илүү аймагт нь ийм хэрэг гарсан учир Өмнөговийн Засаг дарга хариуцлага хүлээх ёстой” гэсэн “цэцэн” мэдэгдлүүд үйл нь ирсэн Б.Бадраа дарга руу чиглэж байх юм.

Нэг хэсэг Өмнөговь аймагт ажлаа хийж байсан “Терра энержи” компанийг болон тэдний туслан гүйцэтгэгч “Поларис” компанийнхныг буруутгаж, тэдгээр компанийнхан л очоод санаатайгаар хүний амь хөнөөчихсөн мэтээр ярьж, бичиж байлаа. Харин одоо орон нутгийн сонгууль дөхөөд ирмэгц Засаг дарга руу нь хариуцлагыг нялзааж эхлэв.

Ерөөс машин барьж хүний амь хөнөөсөн этгээд нь биш, “Б.Бадраа муу ажилласнаас л энэ хэрэг болж, тэр л хариуцлага хүлээх ёстой” гэнэ. Арай л согтуугаар машин жолоодсон нөхөр нь Б.Бадраа байсан юм байна гэж хэлэхээс наахна юм болж байна. Ингэхэд бид чинь хэнийг өмөөрч, хэрүүл маргаан хийгээд бусдыг чичлээд, заримыг нь өөгшүүлээд байгаа юм бэ. Мэдээж цаг бусаар дотны хүмүүсээ алдсан гэр бүлийнхний сэтгэлийн зовлон, амьдын хагацлын хэцүүг үгээр илэрхийлэх ч боломжгүй. Харин тэднийг ийм их Архи, архичин хоёрын балаг гачланд унагаж, амьдын хагацалд оруулсан хүн нь хэн бэ.

Өнөөх муу нэртэй хар ус, ууснаа шингээж чадаагүй Б.Алтангэрэл гэгч балмад этгээдээс өөр хэн ч биш. Гэтэл согтуугаар машин жолоодож дөрвийн дөрвөн хүний амь насыг хохироосон Б.Алтангэрэл гэгч хүний нэрийг нь ч ядаж тодхон зарласан бил үү. Угтаа бол харин ч гэмт хэрэг хийсэн түүнийг олонд зарлаж, хотоор нэг хөлчүүрхэж байгаа жолооч нарт сургамж болгохын оронд согтуу жолоочийг өмөөрч, бурууг нь бусад руу чихэн сүүлдээ тэр нь улс төрийн шоу болон өрнөж байна.

Б.Алтангэрэл гэгч этгээд архины аагаар жолооны хүрдний ард суугаагүй л бол дөрвөн хүн амиа алдахгүй, зургаан хүүхэд өнчирч үлдэхгүй байлаа. Согтуугаар машин жолоодох эсэх нь цэвэр хувь хүний хариуцлага, ухамсартай л холбоотой. Аливаа зүйлд хамаарах, хамаарахгүй асуудал гэж бий. Ялангуяа согтуугаар машин жолоодож, бусдын амь нас хөнөөсөн жолоочийн өмнөөс компанийнх нь захирал, Засаг дарга нар буруутан болоод байх нь эрүүл бөгөөд шударга нийгэм мөн үү.

Хэргийн эзэн Б.Алтангэрэл нь нутгийнхандаа нэр муутай, сав л хийвэл сархад хүртэж, хавь ойрынхноо сандаргадаг гэдгийг нутгийнхан нь хэлж л байсан. Гэтэл жинхэнэ алуурчных нь толгойг илчихээд хаа хамаагүй хүмүүсийг хамааруулах гэж оролдож болно гэж үү.

Нийслэл хотод согтуугаар машин жолоодсоноос болж өдөр бүр шахам осол гарч байна. Нэг биш хэдэн арваар нь замын цагдаа дарга согтуу жолооч нарыг илрүүлж, торгохыг нь торгож, журамлахыг нь журамладаг. Согтуугаар автобус жолоодсон эр, согтуугаар машин барьж хүүхэд дайрсан залуу, архины гайгаар айлын нялх хүүхдийг дайрчихаад зугтсан гэмт хэрэгтэн гээд амиа алдсан хохирогч нийслэлд гэхэд зуу, зуугаар тоологддог. Тэр бүх хүний өмнөөс “Хотын дарга хариуцлага хүлээ, өргөдлөө өг” гэж шаардаж, өөчилж байсан удаа бий бил үү.

Монголчууд бид идээний дээж хэмээн лонхтой архийг дээдэлдэг ч үнэндээ гашуун ундаа гай дагуулахаас гавьяа байгуулсан нь үгүйг хүн бүр л мэднэ. Архичны гэрт л хэрүүл болж, архинаас л болж гэр бүл салж, үр хүүхэд өнчирч үлддэг. Нийгэмд гарч байгаа гэмт хэргийн 90 гаруй хувь нь архинаас үүддэг тухай мэргэжилтн үүд сэрэмжлүүлсээр ирсэн.

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Спиртээр нэрсэн энэ нэрмэл ус хэчнээн ч хүний амь амьдралаар тоглодог тухай амь уралдан ярьцгаадаг. “Бадарчин явсан газар балагтай” хэмээх өнгөрсөн зуунд хамаарах үгийг “Архичин очсон газар аюултай” гэж багахан өөрчлөхөд л өнөөгийн бидний амьдралын бодит байдалд яв цав нийцэхээр байна.

Харамсалтай нь энэ үгний гашуун үнэнийг гэрчилж, дөрвөн хүн амиа алдсан. Архи, архичин хоёрын балаг л дөрвөн хүний аминд хүрсэн хэрэг. Гэтэл бид хүний амь хохироосон архичинд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх тухай ярихын оронд хаа хамаагүй Засаг дарга, компанийн удирдлагыг яагаад чичилнэ вэ. Энэ байдлаар хэн нэгэн даварсан этгээд архи ууж, хүссэн үедээ хүнд техникийн ард сууж хүний амь хөнөөчихөд хариуцлагыг нь ажилд авч, амьдралыг нь залгуулж байсан удирдлагууд, хаа хамаагүй Засаг дарга нар хуваалцаж суух ёстой юу.

Б.Оргил
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш