logo
Төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэжээ

Төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэжээ

2012/11/07
Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг уншиж танилцуулав. Тэрээр, чуулганы хуралдаанаар уг төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсвийн орлого, зарлагын үзүүлэлт болон хөрөнгө орлогын хавсралтад суулган зохих тооцооллыг хийсэн тухай мэдэгдээд, зарим орлого, тухайлбал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан тул төсвийн орлого талд тусгагдсан гаалийн албан татварын 3.0 тэрбум төгрөг, импортын барааны НӨАТ-ын 6.3 тэрбум төгрөг буюу нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос бууруулж тооцсон.
Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өөрчлөн найруулж байгаатай холбогдуулан багш нарын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 10.4 тэрбум төгрөг, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, урамшуулал олгох” журамд нэмэлт, өөрчлөлт оруулж нэмэгдэл болон урамшууллыг давхардуулан олгохгүй байхаар тооцоход 16.3 тэрбум төгрөг, Боловсролын салбарын багш нарт олгодог хөдөө орон нутгийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 2.5 тэрбум төгрөг, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад шаардагдах иргэний бүртгэлийн болон хамгаалалтын зардалд 3.2 тэрбум төгрөгийг нэмэх болон бусад саналын дагуу өөрчлөлтүүдийг тусгажээ.
Ийнхүү дээрх өөрчлөлтүүдийг тусгахад Нэгдсэн төсвийн урсгал зардал 35.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 2.7 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 37.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч Нэгдсэн төсвийн нийт зарлага 4.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна. Энэ нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн тусгай шаардлагуудыг хангахаар байна гэв.
Танилцуулгын дараа бэлтгэгдсэн төсөлтэй холбогдуулан асуулт болон санал гараагүй тул санал хурааж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр ирэх пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Дараа нь Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр Р.Амаржаргал гишүүн зарчмын хувьд дэмжихгүй байгаагаа илэрхийлээд дээрх өөрчлөлтийг Төсвийн байнгын хороо хэлэлцэж байгаа нь бүр шившигтэй байна гэв.
Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн ч нэгдсэн хуралдаанаар дэмжигдэж ийнхүү хэлэлцэж байгаа юм.
Гишүүд, С.Баярцогт гишүүн болон Сангийн сайд Ч.Улаан нарын төслийг өөрчлөн найруулахаар гаргасан зарим саналыг дэмжин ЗГ-аас гүйцэтгэх арга хэмжээг нарийвчлан тогтоох нь зүйтэй гэсэн байр сууринд санал нэгдэж дүгнэлтийг мөн чуулганы хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Улстөр шуум
Б.Болдбаатарыг УИХ-ын Тамгын газрын даргаар томилохыг дэмжив
 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, мөн томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн  дарга Ц.Шаравдорж үүрэгт ажлаасаа сайн дураараа, өөрийн хүсэлтээр  чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гаргаж, УИХ-ын даргад өгсөн бөгөөд  Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд түүний энэ хүсэлтийг хүлээн авав. 
Дараа нь түүний оронд шинээр томилуулахаар санал болгож буй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Болдбаатарын талаар хэлэлцэж, гишүүд мөн дэмжсэн.  “УИХ-ын Тамгын газрын ЕнБ-ийн даргаар залуу хүн, хуульч ажиллахаар болж  байгаа нь сайн хэрэг, аливаад улс төрийн үүднээс  хандалгүй  ажиллах ёстой” гэх зэргээр гишүүд санал бодлоо хэлж байсан. Ингээд санал хураалт болоход хуралдаанд оролцсон гишүүд Б.Болдбаатарыг зуун хувь дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд хуралдааны шатанд гарсан зарим санал, шүүмжлэлтэй холбогдуулан “нэг ч  хүнийг ажлаа өгөх талаар шахалт үзүүлээгүй, өөрсдөө сайн дураар өргөдлөө өгсөн” гэдгийг хэлж протоколд тэмдэглүүлэх саналтайгаа хэлж байв.
Ингээд УИХ-ын Тамгын газрын ЕнБ-ийн даргаар томилогдохоор Төрийн байгуулалтын байнгын хорооноос гишүүдийн дэмжлэгийг аваад буй Б.Болдбаатарын товч намтрыг хүргэе.
Бямбадоржийн Болдбаатар 1968 онд Улаанбаатарт төрсөн. 1992 онд Москва хотын авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Инженер, хуульч мэргэжилтэй.
2004 оноос УИХ-д ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ дахь олонхийн бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь АН-ын зөвлөлийн болон бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш