logo
Сэтгүүлч эх сурвалжаа нууцалдаг болох нь хамгийн чухал

Сэтгүүлч эх сурвалжаа нууцалдаг болох нь хамгийн чухал

2012/11/07
Үе үеийн парламентыг өртөөчилсөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль “амь” орж эхэллээ. Зүй нь тус хуулийн төсөл нь арав гаруй жилийн хугацаанд маргаан дагуулж, одоо л парламентаар хэлэлцэгдэж эхлээд байна. Харин өнгөрөгч хугацаанд энэ төрлийн гурван ч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн ширээ дамжин хэлэлцүүлэгт орж байв.

Ийнхүү тус хуулийн төслийг өчигд өр Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхимд” холбогдох албаныхан болон төлөөллийн байгууллагууд хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг даргалан явуулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нээж “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй шууд холбоотой иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг мөн” хэмээн онцолсон юм.

Мөн тэрбээр Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хангах үйлчилгээг үзүүлэхэд өнөөдөр манай оронд 140 гаруй сонин, сэтгүүл, 30 орчим телевиз, 20 гаруй радио болон цахим мэдээллийн хэрэгслээр зохих хувь нэмрээ оруулж буйг дуулгав. Цаашлаад, энэхүү салбарт тодорхой амжилт гарсан хэдий ч нэг талаар сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, сэтгүүлчдэд дарамт шахалт үзүүлэх, сүрдүүлэх явдал нэмэгдсэн.

Нөгөө талаар хэвлэл, мэдээллийн байгууллага нь тодорхой хүчнээс хараат болчихоод байгааг онцолсон юм. Тодруулбал, нам, тодорхой улстөрчийн захиалгаар нэвтрүүлэг, нийтлэл, сурталчилгаа явуулах, мөн хөрөнгө оруулагчид болон эздийнхээ эрх ашигт үйлчилж хараат бус байдлаа алдах байдал ажиглагдах болсныг тодотгосон. Иймд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрхийг хэрэгжүүлэхэд төрийн зүгээс ёс бусаар саад учруулахгүй байх, эрх, үүрэг, хариуцлагыг нь хуулийн дагуу тодорхой зохицуулж хамгаалах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг хөндсөн юм.

Харин хэлэлцүүлгийн шатанд сэтгүүлчид дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор нааштай зохицуулалт тусгасныг дуу нэгтэй хэлж байв. Тухайлбал, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тус төсөлд сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй байх заалт тусгасныг сайшааж байлаа. Мөн бичсэн мэдээлэл, нийтлэлийнхээ төлөө сэтгүүлч “Иргэний нэр хүндэд халдсан” гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татагдах болдгийг дээрх хуулийн төслийн хүрээнд зөөллөж, Иргэний хуулиар шийдвэрлэх гарц хайж буйг оновчтой зохицуулалт хэмээн үзлээ. Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, хэвлэл мэдээллийн салбар дахь редакци бүр дэргэдээ Үйлдвэрчний эвлэлтэй байх заалтыг хуульд тусгаж өгөх нь чухал болохыг онцлов. Учир нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, оператор, гэрэл зурагчид цалин багатай, түүнийгээ ил тодоор хэлдэггүй, зөвхөн судалгаа авахад л илэрхийлдэг.

Авдаг цалин нь амьдралд хүрэлцдэггүй нь эргээд сэтгүүлч бусдаас хараат байх байдал хангагддаггүй. Энэ нь хэвлэл мэдээлэл бусдаас хараат байх зарчимд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул сэтгүүлчдийн эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр энэ талын байгууллагатай болох нь чухал гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Уянга “Мэдээллийн хэрэгсэл өөрөө ямар ч хориг саадгүй агаарын долгионоор дамжигддаг том хүч. Хамгийн сүүлийн тоогоор 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа гарсан. М.Батчимэг гишүүн бид хоёр америкаас ирсэн хэвлэл мэдээллийн хүмүүстэй уулзах үеэрээ тэнд хичнээн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг талаар сонирхоход, гурван сонин, хоёр мэдээллийн агентлаг, хоёр гурван телевиз нэрлээд цаашаа байхгүй болчихож байх жишээтэй. Манайд бол 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд л чухал болж таарч байгаа. Эрүүгийн хуульд хувь хүний нэр хүнд, ажил хэргийн алдар хүндийг гутаасан гэж үзэж дуудагдаж байсан олон сэтгүүлчийг би мэднэ. Би ч энэ заалтаар олон удаа шүүхийн өмнө дуудагдаж байсан хүний хувьд яаж үүнийг зохицуулах талаар бодох юм байна” хэмээсэн.

Ийнхүү хэлэлцүүлгийн явцад сэтгүүлчийн Консул, Сэтгүүлчдийн байгууллага тусдаа байсан нь зөв гэсэн санал давамгайлж байлаа. Тиймээс сэтгүүлчийн нэг байгууллагатай байхыг хуулиар зохицуулах нь зөв үү, үгүй юу гэдэгт салбарынхан саналаа ирүүлэхээр боллоо.

О.Сэлэнгэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш