logo
 “Ice Top” хамтлагийн C.Чулуунбаяр сэтгүүлчийн эрхэнд халджээ

“Ice Top” хамтлагийн C.Чулуунбаяр сэтгүүлчийн эрхэнд халджээ

2012/11/07

“UB Palace” цогцолборт өнгөрсөн пүрэв гарагт болсон үйл ажиллагааны үеэр ажлаа хийж явсан “paparazzi.mn” сайтын гэрэл зурагчныг “Ice Top” хамтлагийн дуучин Коби буюу C.Чулуунбаяр зодож танхайрчээ. Өмнө нь “Дижитал” хамтлагийн гишүүн мөн л тус сайтын фото зурагчинд халдаж байсан юм.

Одоогоор зурагчны биеийн байдал хүндэвтэр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Папараци гэдэг нь хэн нэгний мууг үзэх эсвэл өө хайх гэсэн хэрэг бус гагцхүү “од” гэж нэрлэгдээд байгаа олны танилууд нийгэмд үлгэр дууриал болж, олон нийтийн өмч байдгийнх нь хувьд тэдний зургийг санаандгүй үед нь авч олон нийтэд хүргэдэг урлагийн төрөл юм байна. Тийм ч учраас ажлаа хийж явсан фото сэтгүүлчийн эрхэнд халдсан тохиолдлуудад “paparazzi.mn” сайт Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм.

Папараци зураг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөлд багтдаг ба дээрх хэрэг нь хуулийн дагуу сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан ноцтой хэрэгт тооцогдох бөгөөд тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

Уг хэрэгт Монголын сэтгүүлчдийн байгууллага шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд “ Мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах нь хэвлэлийн эрх чөлөөг тунхагласан Монгол шиг оронд байж болохгүй үйлдэл” гэдгийг анхаарууллаа. Аж­лаа хийж явахад нь саад учруулж, эрхийг нь зөрчсөн энэ үйлдэл цаашид давтагдвал хуулийн байгууллагуудад хандана” гэж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид мэдэгдэв. Зөвхөн энэ онд сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн найман хэрэг гарчээ. Тодруулбал,

1.2012 оны нэгдүгээр сарын 3-нд Баянхонгор аймгийн “Хонгор” теле­визийн сэтгүүлч Т.Данаасүрэн, зураг­лаач Ж.Түвшинтулга нарын эрхэнд халдсан байдаг. Тэд “Спейшл майнз” ХХК хувиараа ашигт малтмал олборлогчдыг эрх мэдлээрээ дарангуйлж байгаа талаар иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээрээс нь сурвалжлахаар Баян-Овоо сумын нутагт “Цагаан цахир” хэмээх алтны үндсэн чулууны орд газар очихдоо зодлуулсан.

Энэ хэрэг өнөөг хүртэл эл хэрэг шийдэгдээгүй байгаа.

2. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд “ТВ-9” телевизийн нэвтрүүлгийн алба “Боршувуу” сайтын нэгэн нийтлэлийг дүрсжүүлэн эрэн сурвалжлах чиглэлээр детектив нэвтрүүлэг хийсэн. Уг нэвтрүүлгийг бэлдсэн тус телевизийн сэтгүүлчдэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүү үүсгэж, нэг нэгээр нь дуудаж байцаалт авчээ.

3. Мөн оны дөрөвдүгээр сарын 12,13-ны “Монголын мэдээ” сонины сэтгүүлч Б.Даваагийн “7 сарын 1-ний хэргийг санаатайгаар үйлдсэн болов уу гэж боддог” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Уг ярилцлагыг БНН-ын дарга Б.Жаргалсайхан гуай өөрөө өгсөн. Гэтэл Б.Жаргалсайхан болон түүний хамсаатнууд ярилцлага авсан сэтгүүлчийг шөнөжин утсаар дарамталж, улмаар тус сонины редакцид нэвтэрч, сонин хэвлэгдсэн эсэхийг шалгаж, хэвлэх үйлдвэрийн гадаа машинтай зогсоож, сониноо авахаар ирсэн хүмүүсийг хянаж, зарим шуудангийн салбараас “Монголын мэдээ” сонинг булааж, ихэнх хэсгийг нь худалдаж авч байсан.

4. 2012 оны наймдугаар сарын 20-нд МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар сүмогийн их аварга Д.Дагвадоржид зодуулсан. Учир нь, их аварга өөрийн ах Д.Сумьяабазарыг УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй хэмээн биед нь халдсан гэдэг.

5. 2012 оны есдүгээр сарын 13-нд “ТV8” телевизийн сэтгүүлчид сур­валж­лага хийх гэж очоод “BLUE SKY tower”-ийн солонгос эздэд зодуулсан. Уг хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байгаа боловч эцэслэн шийдэгдээгүй байгаа. Мөн Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжинд хандсан.

6. 2012 оны есдүгээр сарын 28, 29-нд “SBN” телевизийн сурвалжлах групп БЗД-ийн Цагдаагийн хэлтэстэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар, цэнгээний газрын хууль зөрчин ажиллаж байгааг сурвалжилж, шалгалт хийсэн. Гэтэл “ХО” баарны эзэн О.Ундрал цагдаа нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хамгаалалтын ажилтнуудаар сэтгүүлч, цагдаа нарыг зодуулж, мэргэжлийн эрхэнд нь халдсан. Түүнчлэн сурвалжлах группийг цагдаа нартай нь хамт баарандаа цоожилж, хийсэн нэвтрүүлгийнх нь бичлэгийг устгахыг оролдож танхайрсан. Тус телевизийн зураглаач А.Амарсанааг зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд “SBN” телевизийн өмч 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий видео камерийг нь дахин ашиглагдахгүй болтол нь эвдсэн. Хэрэг мөн л мөрдөн байцаалтын шатанд байгаа.

Харин хамгийн сүүлд сэтгүүлчийн эрхэнд халдсан хэргийн тухай дээр дурдсан. МСЭ-ийн удирдлагууд хэлэхдээ “Зөвхөн энэ онд ийм олон тооны сэтгүүлчийн эрх чөлөөнд халдлаа. Хэрвээ сэтгүүлчид та бүхэн ямар нэгэн байдлаар эрх тань зөрчигдвөл холбогдох газруудад яаралтай хандах хэрэгтэй. Өнөөдөр ажлаа хийгээд явж байгаа сэтгүүлч, хөшигний ард нуугдмал байгаа зүйлийг ил гаргаж тавьснаараа буруудаж, хэн нэгний гарын загатнааг гаргах ёсгүй. Үүнээс цааш бид эрх зүйн орчноо яаралтай бүрдүүлэх хэрэгтэй.

Мөн өнөөдрийн чухал сэдэв болоод байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг бидэнд нааштайгаар шийдэх байх гэж итгэж байна. Сэтгүүл зүйн салбарт анхаарах хамгийн чухал алба бол эрэн сурвалжлах сэтгүүл зүй байдаг. Энэ төрлийн сэтгүүлчид өөрсдийгөө хамгаалахын тулд баримттай мэдээллийг нотолгоотой нь цуглуулж байх ёстой. Учир нь, маш олон сэтгүүлч улстөрийн болон томчуудын нуугдмал зүйлийг эрэн сурвалжилж гаргасныхаа төлөө цагдаа болон шүүхэд дуудагдсан байгаа.

Монголын сэтгүүлчдийн эвлэлээ­с ийн мэдээлэл хийж байхад Ерөнхий­лөг­чийн Тамгын газрын дэргэдэх Иргэ­ний танхимд мөн л Хэвлэл мэдээл­лийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хэлэлцүүлэгт оролцогчид сэтгүүлч, редакцийн хараат бус байдал болон сэтгүүлчийн нэр хүнд хариуцлага ёс зүйн талаар хөндөж тухайн сэдвүүдээр илтгэл тавьсан. Сүүлийн үеийн судал­гаанаас үзэхэд сэтгүүлчдэд хам­гийн их халгаатай хүмүүс нь улстөрчид байдаг аж. Үүнийг Парла­мен­тын сэтгүүлчдийн холбооны Удир­дах зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Д.Оюунцэцэг илтгэлдээ онцолж байсан юм.

Шинээр батлагдах Хэвлэл мэдээл­лийн эрх чөлөөний тухай хууль нь таван бүлэг, 20 зүйлтэй. Уг хуулийн төсөл нь өмнө нь буюу 1998 онд бат­лагдаж байсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиас хэд хэдэн зүйл, заалтаар онцлогтойг хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийнхэн хэлж байлаа. Тухайлбал, хамгийн эхэнд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулснаар сэтгүүлч, редакцийн хараат бус байдлыг хангах аж.

Тиймээс хэвлэл мэдээллийн бай­гууллагын хараат бус байдлыг батал­гаажуулах чиглэлээр хэд хэдэн тодорхой заалтыг уг хуулийн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, төр хэвлэл мэдээлэлтэй байх цөөхөн тохиолдлыг зөвшөөрчээ. Тухайлбал, хууль тогтоомж, бодлогоо сурталчлах зорилгоор эмхтгэл гаргаж, гадаадад Монголоо сурталчилж болох юм байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт тодорхой хэмжээний зохи­цуулалтыг хийсэн нь төрийн байгуул­лага хэвлэлийн бай­гууллагуудын нийт­лэлийн бодлогод оролцохгүй байхаар заасан байна.

Мөн редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах үүднээс үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, сэтгүүлчдийн гэрээ байгуулах асуудлыг чангатгажээ. Түүнчлэн хэвлэл мэдээл­лийн зөвлөлийг байгуулснаар сэтгүүл­чийг шүүхэд дуудагдахаас өмнө Хэв­лэлийн зөвлөл нь хариуцлага хүлээдэг болгох, мөн сэтгүүлчдийн ёс зүйг дээшлүүлэх ач холбогдолтой хэмээн хууль санаачлагчид үзэж байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн бай­гууллагуудын эзэд нь олон нийтэд тодорхой байх, ингэснээр тухайн хэвлэл мэдээллийн хүлээх хариуцлага сайжрах аж. Харин сэтгүүлчийн эрхийг хам­гаалах үүднээс Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг хүчингүй болгож байгаа юм байна. 

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш