Малайзын улстөрийн нөлөө бүхий хүмүүсийн захиалгаар манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн гэх дуулиант гэмт хэрэг дээр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг шинээр томилогдон ажиллаж эхэлжээ. Ажлын хэсгийн ахлагч Ш.Сүхбаатар “Энэ хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна.
Хэд хоногийн өмнө талийгаачийн аав Д.Шаарийбуу гуайг хүлээн авч уулзсан. Тодорхой ойлголцолд хүрсэн байгаа.
Ер нь гадны орнууд гэхээрээ иргэдийнхээ эрхийг дээд зэргээр хамгаалдаг, аливаа асуудлын байж болох бүхий л шатанд оролцдог. Манайх болохоор зөвхөн ажиглагчийн байр сууринаас ханддаг байж болохгүй. Ганц энэ хэрэг дээр ч биш. Эрх нь зөрчигдөж, хохирч буй хилийн чанадад суугаа монгол иргэдийн төлөө илүү их анхаарал хандуулж ажиллах цаг болсон. Энэ талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч байна” гэлээ.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"