logo
Эрчүүдээ экспортлохоо больё

Эрчүүдээ экспортлохоо больё

2012/11/07
“Би ирээд явлаа. Харамсалтай нь охин минь байсангүй. Аав чинь...” гэж бичсэн байсныг уншаад маргааш нь өдөржингөө хашаан дээрээ харуулдан зогссон нэгэн жаалын тухай уншиж байсан минь санаанд орж байна.

Хөрш айлын жаал бяцхан охиноор тохуурхан хашаан дээр нь худал бичсэн байсныг уншчихаад аавыгаа удтал хүлээн зогссон нь тэр аж. Учир нь охины аав Солонгост ажиллахаар яваад олон жилийг үджээ. Тэгээд аавыгаа ирэх болов уу хэмээн горьдсондоо хашаан дээрээ өдөржин хүлээсэн юмсанж.

Энэ бол Монгол өрх бүрт тохиож буй бэрхшээл. Учир нь одоогоос 20-иод жилийн өмнө Монголоос харийг зорих их нүүдэл эхэлж байсан юм. Ялангуяа БНСУ-д хөдөлмөрлөхөөр Монголоос олон мянган залуус мордсоны дийлэнх нь эрчүүд. Ид хөдөлмөрлөх насны, эрүүл чийрэг, авъяас чадалтай сайхан монгол эрчүүдийг Солонгост экспортолсон юм.

Цаана нь олон арван гэр бүл салж, хэдэн зуун хүүхэд өнчирч хоцорсон. Улмаар хүн ам зүйн бодлого алдагдаж, өнөөдөр нэг монгол бүсгүйд гурван эр ногддог тухай хошин яриа ч ам дамжсаар буй. Хүүхнүүд амьдралын бэрх, ачааны хүндийг нуруун дээрээ үүрч, аливаа салбарын тэргүүн эгнээнд жагсах болсон. Ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагсадын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд сүүлийн үед хүчний байгууллагын тодорхой хувийг ч бүрдүүлэх болсон.

Энэ нь монголын эрчүүд юу ч хийж чадахгүй гэсэн үг биш. Зүгээр л хөдөлмөрийн насны, боловсролтой сайхан залуус маань харьд одсон учраас тэр. Эрчүүдийн ихэнх нь гадаад хөдөлмөрийн зах зээл дээр экспортлогдохын зэрэгцээ эх орондоо, уул уурхайд гэр бүлээсээ удаан хугацаагаар хол ажиллаж, салангид амьдрах болов. Ганцхан жишээ дурьдахад уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байгаагаас хамаарч, Өмнөговь аймгийн 100 эмэгтэйд 34 эрэгтэй илүү ногдож байгааг эрдэмтдийн судалгаа гэрчилнэ. Тодруулбал, тус аймагт оршин суудаг эмэгтэйчүүдийн тооноос 8.9 мянган эрэгтэй илүү байгаа нь судалгаагаар харагджээ.

Тэд хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 20-44 насныхан байгаа нь харамсалтай. Уг нь залуус мөнгө олохын тулд гэр бүлээсээ холддог. Гэтэл хол байгаа учраас зөрчилдөж салдаг нь нууц биш юм. Энэ байдлаараа үргэлжилбэл 2025 оноос хүүхдийн тоо эрчимтэй буурч, ажил хийх насны залуучууд цөөрч, хөгшдийн ачаалал нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид сануулжээ.

Гэтэл манай Засгийн газар сар бүр 20 мянган төгрөг тараахаар хүн ам өсөх юм шиг санаж байгаа нь харамсалтай. Монголоор нэг өрх толгойлсон эхчүүд. Нөхөрт гарах хүсэлтэй ч олдохгүйн зовлон тоочсон эмэгтэйчүүд. Нарантуул зах дээр бүсгүйчүүд гадаа гандаж, хөдөө хөхөрч, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллах. Ганзагын наймаанд хүүхнүүд л гахай үүрч, гүрийцгээх. Нэг албан байгууллагын “гал тогоо”-руу өнгийхөд өрх толгойлсон эмэгтэйчүүд л ажиллаж байна. Энэ бүхнийг хараад монгол эрчүүд хаачсан юм бэ гэж асуумаар санагдах юм. Хэдэн жилийн өмнө “Харьд одсон бүсгүйн заяа” хэмээх уран сайхны кино дэлгэцнээ гарч байсныг санаж байна.

Харин одоо харьд одсон эрчүүдээ авчирч, хүн ам зүйн бодлогоо эргэн харах цаг болжээ, эрхэм төрийн түшээд ээ. Эрчүүдээ экспортлохоо боливол ямар вэ...

Х.Өнөржаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш