logo
Хар тамхи борлуулсан, худалдан авсан залууст ял оноолоо

Хар тамхи борлуулсан, худалдан авсан залууст ял оноолоо

2012/11/07
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд өнгөрсөн даваа гаригт хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж ирсэн, худалдан авсан гэх хэрэгт холбогдсон Г.Бямбаа, Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нарын хэргийг хэлэлцлээ.

Г.Бямбаа нь мансууруулах бодис олж авч, Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг болон “Айс топ” хамтлагийн С.Чулуунбаяр буюу Коби зэрэг хүмүүст борлуулсан хэрэгт холбогдож УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас шалгуулж эхэлсэн аж. Уг хэрэгт 10-аад хүн холбогдсон бөгөөд Нийслэлийн прокурорын газарт хэргийг нь хянаад Г.Бямбаагийн найз бүсгүй, С.Чулуунбаяр зэрэг хэд хэдэн хүнд холбогдох хэргийг хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Баянгол дүүргийн шүүхэд энэ сарын 5-нд болсон хурлаар Г.Бямбаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хар тамхи хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдлийг нотлогдохгүй байна гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Харин хар тамхийг борлуулах зорилготойгоор олж авсан гэм буруутай хэмээн үзэж, Г.Бямбааг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар долоон жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин Г.Бямбаагаас хар тамхи худалдаж авч хэрэглэж байсан Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нарыг зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш