logo
Дэлхийн шилдэгт Х.Цагаанбаатар багтжээ

Дэлхийн шилдэгт Х.Цагаанбаатар багтжээ

2012/11/09
ОХУ-ын жүдо бөхийн холбооноос санаачлан “IJF” буюу “Олон улсын жүдо бөхийн холбоо”- той хамтран 66 кг-ын жингийн дэлхийн шилдэг жүдочдын халз тулаан ирэх сарын 15-нд зохион байгуулагдахаар болжээ.

Уг тэмцээнд дэлхийн шилдэг 16 бөх халз барилдах аж. Энэ жингийн ангилалд өдгөө Япон, Өмнөд Солонгос, ОХУ-ын жүдочид ноёлж байна. Гэсэн ч дэлхийн шилдэг жүдочдын халз тулаанд дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зодоглохоор болжээ.

Зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд зодоглох шилдэг 16 бөхийг сонгохдоо сүүлийн хоёр жилийн хугацаанд “IJF”-ийн чансаа өндөр тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг голчлон дүгнэсэн аж. Жүдо бөхийн татамид сүүлийн хоёр жилд босоо байсан шилдгүүдийн дунд Монгол Улсын тамирчин Х.Цагаанбаатар багтсан бөгөөд ОХУ-ын жүдо бөхийн холбооноос түүнд албан ёсоор урилга илгээж, 66 кг-ын шилдэг 16 бөхийн халз тулаанд зодоглохыг хүсчээ.

Түүний хамт ОХУ-ын Алим Гаданов, Муса Могушков, Япон улсын Масаши Эбинума, Жүнпей Моришита, “Лондон-2012” олимпийн аварга, Гүржийн Лаша Шавдатуашвили нарын жүдочид Москва хотноо өрсөлдөх юм байна.

Хойд хөршийн нийслэл Москва хотноо арванхоёрдугаар сарын 15-нд хийхээр товлосон тус тэмцээний шагналын сан 66 мянган евро бөгөөд түрүүлсэн бөх 30 мянган евро хүртэх аж.

Б.Ширнэн
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш