Нинжа нарын хараанд өртсөн газар нутаг хэдхэн жилийн дотор ямар аймшигтай байдалд ордгийг монголчууд хэдийнэ мэднэ. Тухайлбал, Төв аймгийн Заамар, Өвөрхангай аймгийн Уянга, Говь-Алтай аймгийн Бигэр, Хөвсгөл аймгийн Цагаан нуур гээд уртаас урт жагсаалт үргэлжилнэ. Харин өнгөрсөн оноос эхлэн энэ жагсаалтад Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумд нэмэгдэж байна.
Ургамал сумын хувьд Улаан толгой гэх газар орчимд өргөөшөө найман км, уртаашаа 10 км газар нутаг алтны нинжа нарын гарт сүйдээд байгаа юм. Хамгийн гүн нь 10 гаруй метр ухсан эдгээр нүхэнд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар хэмжилт хийж, хохирлыг нь тогтоохоор ажиллаж байна.
ээр л ядарсан иргэдийн зовсон царай нүдэнд харагддаг тэр үе ард хоцорсон гэдгийг дахин хэлэх хэрэгтэй байх. Ямар ч монгол хүн эх орноо, газар нутгаа гэх сэтгэлтэй байдагсан. Гэтэл алтны хойноос арваад жил амь насаа зориулсан нинжа гэх хүмүүст газар нутгаа гэх өчүүхэн ч сэтгэл үлдээгүй бололтой. Дэндүү харамсмаар...
Ганцхан жишээ өгүүлье. Дөрвөлжин сумын нутагт алт гарсны дараа цагдаагийн хүчээр нинжа нарыг хэд, хэдэн удаа хөөсөн аж. Харин алт ухаж амжилгүй хөөгдсөн нинжа нар буцах замдаа тус сумын нутаг дахь зэрлэг чацарганы бутыг машинаараа дайрч “Алтаа ухуулдаггүй юм бол чацарганы бутыг нь сүйтгээд өгье л дөө” хэмээн сүйтгэжээ. Энэ одоо юу гэсэн үг юм бэ. Яалаа гэж тэр вэ.
Уг нь сум орон нутгийн иргэд энэ бутнаас чацаргана түүж, орон нутгийн эдийн засгийнхаа нэлээд хувийг бүрдүүлчихдэг гэсэн. Намрын сүүлээр чацаргана хөлддөг учраас түүхэд тохиромжтой. Гэвч энэ бутны ихэнх хэсгийг нь алтны эрэлчид сүйтгэчихэж. Хэзээ байхдаа монгол хүнээс ийм хэрцгий авир гарч байлаа даа. Ховордсон зэрлэг чацарганы бут байтугай бургасны бутыг ч ингэж машинаар дайрч сүйтгэдэг бил үү. Хагас зэрлэгшсэн алтны эрэлчид алтны төлөө юу ч хийхэд бэлэн байгаа гэдгийг энэ жишээ хэлээд өгөх биз.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"