logo
Улстөрийн дампуурал

Улстөрийн дампуурал

2012/11/13
УИХ-ын гишүүн С.Одон­туяа “Улстөрийн амьд­рал дампуурчихаад байна”, УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж “Монголын улс­төр дампуу тал руугаа л яваад байна”  гэж ярилцлага өгчээ. Хууль батлах дээд байгууллагынхан дундаа  арай гайгүй жин дардаг хоёр гишүүн иймэрхүү л бодолтой явна. Ингэж хэ­лээгүй ч үүнээс базаахгүй бодол­той яваа УИХ, Засгийн газрын гишүүн цөөнгүй байгаа. Монголын улстөр буруу замаар, тэгэхдээ тун ч хор­лонтой “оюуны хоосрол, эдийн засгийн хомсхон мэдлэг” нь хувааж идэх бул­хайтай тохиролцоотойгоо хавсайдаж, урагшаа нэг алхаж, хойшоо хоёр алхсаар улстөрийн дампуурал руу дөхөж явна.
 Улстөрийн холион бан­тан хутгагчид буюу  тоо­тойхон улстөрчид нь өөрсдөө най­руулж, намчирхан  тэм­цэлд­сэн бохир тоглоомынхоо учрыг олохоо больж, эхнээсээ гараа өргөж эхэлснийг дээрх хоёр эрхэм тодорхойлж өглөө.
Сүүлийн 20 жил хэд хувааг­даж, улсын төсөв, ард түмний татварын орлого, эх орны байгалийн баялгийг намын нэрээр хуваан идэгч­дийн хэрүүл тэмцэл нь одоо УИХ-ын сонгуулиас хальж, орон нутгийн сонгуульд “түүхэн “ач холбогдол өгч дээр дооргүй хуйвалдаж бай­гаагаар тов тодорхой илэрч байна.
Хэдхэн жилийн өмнө орон нутгийн сонгууль бол­дог эсэхийг мэддэг хүн цөө­хөн байлаа. Мэддэг  хэд нь ч өнөөд­рийнх шиг үхэлдэн тэм­цэлдэж, их багагүй хор хутгаж гүйлдэггүй байв. Ямарваа сонгууль нь улстөрийн үйл явц хэдий ч өнөөдрийн манай сонгуулийн тогтолцоо, түүнд хандах хандлага, эцсийн үр дүн нь улсаа дампууруулахад тулж ирээд байгааг  дээр дооргүй нухац­тай ярилцах цаг бол­жээ.
УИХ, НИТХ, улмаар орон нутгийн сонгуульд олонх болж, бүх шатны төсөв мөнгөнд захиран зар­цуулах  эрх олж авахын төлөө улайран тэмцэлдэж байгаа нь цаагуураа Монгол Улсын эдийн засаг сүйрлийн өмнө тулж ирээд байгааг л хамгийн энгийнээр са­нуулаад  байгаа хэрэг юм.
2013 оны улсын нэгдсэн төсвийг “Түүхэндээ байгаагүй  том төсөв баталлаа” гэж цээжээ дэлдэцгээж  байгаа ч  хам­гийн их буюу 360 тэрбум төг­рөгийн төсвийн алдагдал хэр­хэн яагаад, хаанаас үүсэн гарсныг ард түмэндээ ойл­гог­дохоор тайлбарлахгүй  байна.
Ард түмнийхээ эрх ашиг, Мон­гол Улсын ирээдүйг бодол­цохоос илүүтэй эрх ба­ригч  улстөрийн нам, хүч­нүүдийн  эдийн засаг, бизнесийн сонирхол, хуйвалдан хувааж идэх тохиролцоонд  далдуур үйлчилсэн 2013 оны төсвийн нийт орлого 7.088.3 тэрбум төг­рөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн зарлага 5.975.087.2 сая төгрөг байгаа нь эдийн засагчдын үнэлгээгээр тун ч хангалтгүй үзүүлэлт юм.
Хоёр сая найман зуухан мянган иргэнээ 50-иад сая малынхаа хямд үнэтэй махаар хангах төвөггүйхэн шийдэлд хүрчихэж чадахгүй байгаа эрх баригчид нэг тонн нүүрсээ өмнөд хөрш рүү 70 мянган төгрөгөөр ачуулаад байгаа хэрнээ хаяанд байгаа Багануурын нүүрсийг нэг тонныг нь 80-100 мянган төгрөгөөр худалдан авч бүлээцэж суугаа дотоодын хэрэглэгч олны учрыг олтол мөн ч өдий.
Эдийн засаг биз­несийн бүлэглэлүүд, мөнгө санхүүтэй бүх та­лаараа хутгалдсан Мон­голын улстөр, улстөрчид намчирхсан хуйвалдаандаа цэг тавьж, улс орны ирээдүйн төлөө зоригтой шинэчлэлт хийхгүй бол Монгол Улс Грекийн араас ороход бага хугацаа үлдлээ. Сонгуулиас сонгуулийн хооронд  ямар ч хэтийн төлөвлөгөө, нягт нямбай  төлөвлөлтгүй өдөр өнгөрөөж аргацаасан байд­лаар   улс орныг удирдсан болж байгаа улстөрийн ямар ч үзэл баримтлалгүй на­муудыг татан буулгахад ч буруу­дахгүй.
“Зуун ямаанд жаран ухна” гэгчээр улстөрийн үзэл баримтлал гэх юмгүй, тогтвор суурьшилгүй энэ олон намуудын санхүүжилт, бүх төрлийн сонгуульд зарлагадаж байгаа хөрөнгө мөнгө нь Монгол орны эдийн засгийг доройтуулж, ирээдүйн хөгжлийг гацаасаар олон жил болсон.
Улс, эх орноо ямар чиг баримжаагаар хөгжүүлэх талаар алс ирээдүйг харсан ухаалаг мөрийн хөтөл­бөрөөрөө өрсөлдөж, ард ол­ны­хоо итгэлийг хүлээх ёстой улстөрийн намууд өнөө­дөр нэг нь нөгөөгөөсөө ялга­рах өчүүхэн ч зүйлгүй болжээ.
Монголын нийгэмд улс­төрийн намуудын гүй­цэтгэж байгаа хамгийн гол үүрэг нь  эрх мэдлийг гартаа төв­лөрүүлэх, эдийн засаг, санхүүгийн ноёрхол тогтоох, ингэснээрээ цөөн  тооны улстөрч, эрх мэдэлтнүүд хэтэрхий баяжиж, нийгэмд баян, ядуугийн ялгаа өдөр шөнө шиг  болоход хамгийн бодитойгоор нөлөөлж байна.
Эрх баригч улстөрийн намуудад Монгол Улсын хууль тогтоомж үйл­чил­дэггүй болох, хүссэн үедээ өөрс­дийн эрх ашигт нийц­сэн хууль тогтоомж батал­даг, улстөрийн зорил­гоор хууль, хүчний байгуул­лагуудыг дарамтлан ашигладаг нэг ёсондоо эрх мэдэл, хуулийн ард нуугдсан улстөр, бизнесийн бүлэглэлүүд Монголын улстөрийг намын нэрээр ээлж дараалан  барьж,  ард түмнээрээ даажигнан тоглоцгоож сууна.
Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход Монголын улстөр хам­гийн бохир, зарим талаар дампуурлын ирмэгт ирчихээд бай­гаа нь өнөөдрийн бодит үнэн юм.
Улстөрийн томилгоо бүхний цаана  тухайн ажлыг арван хуруу шигээ мэддэг жинхэнэ мэргэжилтнүүд нь сугаран үлдэж, намын нэрээр шургалсан ямар ч мэдлэг боловсрол, ажлын арга туршлагагүй дарганцарууд бүх л шатны удирдлагуудад хувалж шиг шигдсэн нь өнөөдөр хамгийн том гамшиг болчихоод байгаа.
Улстөрийн намаар халхавчлагдан Монгол орны маргаашийн  хөгжил, хувь заяаг тодорхойлох  чухал эрх мэдэлтэй даргын суудалд  залрагсад эхнээсээ салбарын ажлыг  шороотой хутгаж, өөрсдийнхөө ямар өчүүхэн нөхөд гэдгийг таниулаад  эхэлсэн.
Үүний тодорхой жишээ нь Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын дарга Ц.Жадамбаа. АН-ын нарийн бичгийн даргаас суга дэв­шин ХХI зууны Монголын мэ­дээлэл технологийн сал­барыг авч явж дөнгөнө гэж үзсэн энэ дарга салбарынхаа талаар наад захын мэдлэггүйгээ нотолж, төсвөөсөө хоёр тэрбум төгрөг тануулчихаад сууж байна. Иймэрхүү балагтай томилгоо Монголын улстөр, эдийн засгийн салбарт ёстой л  өрөмний өт шиг язганалдаж байгаа.
Монголын улстөр нэг л биш дээ. Хуйвалдаж, хулгайлж идсээр дотроосоо өтөж байгааг анхаарах сүй­хээтэй улстөрч, эрх мэдэлтэн бай­даг болов уу. УИХ-ын гишүүн Ц.Одонтуяагийн дүг­нэснээр “Монголын улстөр  дам­пуурчихаад  байна”. Одоо яах вэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш