logo
Э.Бат-Үүл баатрын хауснуудын нэг л гэхэд 600 сая төгрөгийн үнэтэй

Э.Бат-Үүл баатрын хауснуудын нэг л гэхэд 600 сая төгрөгийн үнэтэй

2012/11/13
Шударга үнэний бодит жишээ гэх хотын дарга Э.Бат-Үүл баатар маань Зайсан орчимд хотхон барьсан гэвэл та итгэх үү. Түүнийг үнэхээр хувьдаа хур хөрөнгөтэй гэхэд итгэх хүн ховор биз. Гэхдээ энэ үнэн ажээ. “Сонор рекордс” компанийн нэр дээр баригдсан “Эрдэнийн төгөл” хотхон Зайсангийн наахан талд Оргил супермаркетаас 500 метрийн зайд хэдийнэ сүндэрлээд байна. Уг хотхонд 10 гаруй хаус байдаг бөгөөд нэг бүрийнх нь үнэ 600 сая төгрөг хол давжээ. Тансаг зэрэглэлийн ийм үнэтэй хаусуудыг барихад овоохон хөрөнгө гарсан нь ойлгомжтой. Өнгөрсөн парламентын үед баригдсан уг хотхоныг “УИХ-ын гишүүний хүүхдүүдийн ажил тул ногоон гэрлээр явуул” гэсэн шошготой нийслэлийн Засаг даргын тамгын газраар орон гэрлийн хурдаар бичиг баримт нь бүрдэж байсан тухай ярьцгаадаг юм билээ.

Эрдэнийн төгөл хотхон нь тусгай хамгаалалтын албатай, сагсны болон газрын теннисний талбайтай. Тусгай фантан маягийн цэцэрлэгтэй гээд орчны тохижилт гайхалтай дээд зэрэглэлээр хийгдсэн бол дотоод засал барьсан барилгын материал нь ч Монголд байхгүй чанартай юм байх. Чухамдаа ийм тансаг хаусуудыг Үүл баатрын хүүхдүүд барьж, түүний хүрээний баячууд худалдан авсан байна. Яг өчигдрийн байдлаар тус хотхонд ахиад нэг томоохон барилга баригдаж эхлээд байсан юм.

Хойд Солонгосын удирдагч Ким Ун эхнэрээ жирэмсэн болонгуут Англиас 2000 еврогийн үнэтэй хүүхдээ усанд оруулах ванн захиалж авлаа гэсэн мэдээ хачин эмгэнэлтэй сонсогдож байлаа. Ард түмнийх нь 90 хувь өлсгөлөнгөөс болоод хараагүй, харааны гажигтай болчихоод байгаа энэ улсын удирдагч хүүхдээ монгол мөнгөөр 2.5 орчим сая төгрөгийн ваннанд усанд оруулах нь л дээ гэж ирээд л муулцгаасан.

Яг үүнтэй адил хотын дарга, Улсын баатар Э.Бат-Үүл ба түүний хүүхдүүд дээд зэрэглэлийн барууны тоног төхөөрөмжтэй хаусууд барин баячуудад зарлаа гэх мэдээлэл хачин эмгэнэлтэй сонсогдов. Ядруухан гэгдэх улсын баатар цаанаа ийм л бизнестэй, ингэж л наргиж суудаг байх нь. Ядуу ардынхаа өмнөөс тэмцэхээс өөр эрдэмгүй гэх Э.Бат-Үүл баатар үнэндээ ийм л нэгэн байсан байх нь. Социализмаас салаад 22-хон жил болж байгаа Монгол Улсад үндэсний хэмжээний хөрөнгөтөн, өв залгамжлагч хараахан төрөөгүй байгаа. Үүл баатарт бол бүр ч хөрөнгө өвлөгдөөгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ их хөрөнгийг хаанаас босгосон байх вэ гэдэг асуултад хариулт олдохгүй байна.

Ямартай ч Э.Бат-Үүл баатар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө жилд 17.9 саяыг, гэр бүл нь 26.1 саяыг олдог бөгөөд өөр ямар нэгэн компани, хувийн бизнесгүй гэж мэдүүлсэн байгаа юм. Ингэхээр түүний хөрөнгө орлогын мэдүүлэг ч ихээхэн “но”-той болох нь эндээс харагдаж байгаа юм. Эрдэнийн төгөл хотхоныг Үүл баатрын хүү Чулуудай захиралтай “Сонор рекордс” компани захиалж “Батхангай өргөө” компани гүйцэтгэлийг нь хийсэн гэнэ. “Сонор рекордс”-ын тухайд ая зохиогч Халиунтай хамтран урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад одоо салан Үүл баатрын хүүхдүүд дангаараа бизнесийн чиглэлээр ажиллуулж байгаа ажээ. Гоё ярьж хошгируулдаг Улсын баатрын хүүхдүүд мөн Багшийн их сургуулийн хажууд “Сонор плаза” гэх өндөр байшин босгоод буй. Эл байшин баатрын яг өнөөдөр ярин ард түмэнд таалагдаад байгаа “Гадаад орчны зохион байгуулалтгүй” гэх ангилалд нь гарцаагүй багтаад байгаа. Ингэхээр Үүл баатраас ярьдаг шигээ өөрийнхөө бодит үнэнийг тайлагнахыг хүсэх л үлдлээ.

М.Мөнхчимэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш