logo
Дуучин Д.Болд Төрийн соёрхлоо буцааж өгнө гэв үү

Дуучин Д.Болд Төрийн соёрхлоо буцааж өгнө гэв үү

2012/11/14
“Монгол поп” цомгоороо 30 гаруйхан насандаа Төрийн шагнал хэмээх эрхэм хүндтэй цол тэмдэг авсан дуучин Д.Болдын хувьд Төрийн шагнал авсан цагаас хойш гавьтай уран бүтээл хийсэнгүй өдөр хоног өнгөрөөж байгаа тухай хүмүүс ярих болсон. Харин ойр дотны эх сурвалжуудын хэлж байгаагаар Д.Болд “Надад Төрийн соёрхол хүндэдсэн байх аа. Нэг юм хийх гэхээр огт хийж болохгүй юм.
    Өмнө нь хийж байсан уран бүтээлээ үргэлжлүүлэх гэхээр Төрийн шагнал авсан уран бүтээлч байж ийм ч юм хийх гэж хүмүүс шүүмжлээд байх юм. Төрийн шагналаа буцааж өгч болох болов уу. Уг нь буцаагаад өгч болдог бол өгчихмөөр л байна” хэмээн найз нөхдөдөө тоглоом шоглоомоор ярьжээ. Ид залуу, хийж бүтээхийн урт замын эхэнд яваа залуухан уран бүтээлчийн чин сэтгэлийн ч үг байхыг үгүйсгэхгүй шүү дээ.
    Юутай Д.Болдын хоромхон зуурт авсан энэ шагналаас билэгт найрагч Д.Пүрэвдорж зургаан удаа буцаж байж авсан юм даг. Дэлхий нийтэд Монгол гэдэг нэрийг дуурсгаж яваа Чинагийн Галсанд тоож өгөөгүй шагнал шүү дээ гэж боддог байж болох л юм.  Халхын алдарт дууч П.Адарсүрэн, өөрөө эс оршсон ч хоолой нь мөнх оршсоор байгаа Д.Түмэндэмбэрэлийг тойрчихсон шагнал шүү дээ гэж бодохоор буцаагаад өгчихмөөр санагдсан ч байж болно.
    Залуу хүн цаашдынхаа уран бүтээлийг чанаржуулаад явахад энэ битгий хэл шагнал авах л байлгүй дээ. Уг нь түүнийг төр соёрхосон үндэслэл нь болохоор  “Монгол үндэстний уламжлалт язгуур урлагийн дахин давтагдашгүй шинж чанарыг орчин үеийн хөгжмийн урлагийн өвөрмөц хэв маягтай хослуулан хөгжмийн шинэ хандлага, урсгалыг бий болгосон “Монгол поп” гарамгай бүтээл туурвиж эх орон, ард түмэндээ оюуны өндөр өглөг өргөсөн юм” хэмээжээ.Бас чиг үндэслэлээс нь харахад тун ч муугүй шүү.
Б.Өлзийт
UNEN.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш