Алтан шаргал элсээр хучигдсан Ургамал сумын энэ нутаг цагтаа, тал нутгийн үзэсгэлэн гоод хоргодож ядан жаргах улбар шар нарны туяанд ширмэл ширдэг шиг алтран харагддаг байж. Зэлүүд говийн үзэсгэлэнгийн нэг хэсэг болох тэмээн сүргийнхээ араас ирсэн тэмээчнээс өөр хүн энд үзэгдэх нь тун ховор байсан гэх. Харамсалтай нь ганцхан жилийн өмнөх энэ дүр зураг өнөөдөр нинжа гэх зэрлэгшсэн хүмүүсийн хүрз, жоотууны ирэнд сараачуулж, хэвлийгээ сийчүүлэн гиншиж хэвтээ эх хүн шиг мэлмэрэн шаналж байна. Дэндүү харамсмаар...
мдын зааг болох Бөрчигтий, Улаантолгой хэмээх газарт үе дамжин нутаглаж ирсэн малчид хэдийнэ дайжжээ. Тэгэхээс ч өөр аргагүй. Юу ч хийхээс буцахгүй нинжа нарын халдлагад хэзээ өртөх бол хэмээн өдөр, шөнөгүй айж эмээсээр залхаа биз. Тиймээс арзайж сэмрэн, хогондоо бариулсан энэ зэлүүд тал нутагт харуулын цагдаагаас өөр бөртийх амьтан бараг харагдахаа больжээ. Говь нутаг юм болохоор алсад мяралзах зэрэглээн дунд хааяадаа адуу, тэмээ зурсхийн үзэгдэнэ. Үүнээс өөр амьд биетийн хөдөлгөөн үл харагдах юм билээ.
ЦЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан цагдаагийн түр хүрээнд саатсан манай сурвалжлах хэсэг Ургамал сумын нутгийг орхиж, Дөрвөлжин сумын нутагтай залгалаа. Дөрвөлжин, Ургамал сумдын хувьд Их нууруудын хотгорын бүсэд байрладаг учраас урагшлах тусам нам дор газар болж, бүх зүйл алган дээр тавьсан юм шиг ил байлаа. Бөрчигтий уулын урд хормойг ороож нэлээд давхисны эцэст Ховд аймгаас Завхан аймгийн төвийг чиглэн хөврөх төв замын бараа харагдав. Шороон замаар цагаан тоос татуулан явсаар Ховдын гэх төв замтай нийлэх үед нар доошилж, говь нутгийн үзэсгэлэнд улам л сүр нэмнэ. Завхан, Ховдыг дамжин үргэлжлэх сүрлэг уулс тэртээ алсад будантаж, тэнгэрийн хаяаг тулах мэт нүүгэлтсэн хөх хана босгон дүнхийх аж.
Уулсын хөх ханыг даган элсэн манхан шаргалтан хөврөх зуур, нарны гэрэлд мөнгөн саа шиг гялтганах Завхан гол хээ угалз татуулсаар уулсын хормойг эмжин мурилзсаар алга болов. Уран хатгамалчийн урлал шиг нүд алдуулам энэхүү гайхамшиг зөвхөн говь нутагт байдаг юм шиг тэрхэн агшинд санагдсан. Ховд, Завханыг холбосон зам бас л шороо. Гэхдээ замын дэржигнүүр нь арай хэтэрхий болжээ. Ийм замаар бүтэн өдөржин зогсолтгүй явбал салганадаг өвчтэй хүн шиг болчихоод бууж ирэх юм шиг санагдав. Азаар бид Ховдын замаар хэсэг давхиад Дөрвөлжин сум руу салах ёстой байлаа. Зам салахын наахна Дөрвөлжин сумын Тавантолгой багийн малчин Балганыд түр саатав.
Бөрчигтий уултай ойрхон, аймаг дамнасан төв замын хажууд гэдэг утгаараа алтны эрэлчдийн хөлд бишгүй л өртөж байсан гэнэ. Сум орон нутгийнх нь нэлээд хэсэг нинжа нарын гарт сүйтгэгдсэн болохоор малчдын үгийг сонсохгүй өнгөрч болсонгүй. Энэ талаар гэргий Ж.Энхтуяа нь ярихдаа “Манай нутагт алт ухах гэж хөлтэй нь хөлхөж, хөлгүй мөлхөж ирдэг.
Нэг хэсэг нь хөөж туугаад, нөгөө хэсэг нь хөөгдөж туугдаад л байх юм. Газар нутгийг маань сэндийчээд эхлэхээр маш их эмзэглэдэг. Эд хоорондоо хөөгдөж туугдаж байх зуур газар нутаг маань авах юумгүй боллоо. Нинжа нар нь ирээд ухаж байтал цагдаа нар ирээд хөөчихнө. Барьсан ч юм байхгүй. Тэгээд л малчин бид сэндийчиж, онгичсон хар нүхнүүд сахиад л үлдэж байна. Уг нь яаж ийгээд хуучин хэвэнд нь оруулмаар байгаа юм” хэмээв. Энэ зуур гэрийн эзэн Балган “Энд нэг том компани орж ирэх гээд байгаа сурагтай. Амьтан хүний ярьж байгаараар “Макс”-ын Д.Ганбаатар гэдэг нөхөр л авчихсан юм уу даа” гэсээр ярианд оролцлоо. Түүний хувьд ганц компанид ашиглуулж байхаар нутгийн иргэдэд алтны судалтай газрыг хуваагаад өгчихвөл яасан юм бэ гэсэн бодолтой байгаа юм билээ.
“Алтаа ухсаных нь дараа эргүүлээд нөхөн сэргээлт хийлгэдэг, татвар авдаг байх ёстой. Ингэвэл иргэддээ ч хэрэгтэй. Нэг компанид өгчихвөл нутгийн иргэд хоосон л хоцорно” гэв. Энэ нь Ургамал сумын Засаг дарга Ш.Дамдинсүрэнгийн ярьж байсан нутгийн иргэддээ нөхөрлөл байгуулж ашиглуулъя гэдэг санаатай адил. Иймэрхүү байдалтай ойр зуурын юм ярьж хэсэг суусан бид зам заалгаж аваад хөдлөх болов. Биднийг Дөрвөлжин сумын төв орно гэдгийг сонссон гэрийн эзэгтэй Ж.Энхтуяа гуай сандран босч, “Сургуулийн хоёр хүүхдэдээ хэдэн боорцог өгч явуулах гэсэн юм” гээд л авдар саваа онгичиж гарав. “Сургууль удахгүй тарна гэж байснаа сонгууль, монгууль гээд хэд хоног хойшилчихлоо.
Өнөө хоёр маань өлсөх байх” гэсээр хөрч амжаагүй халуун боорцгоо даавуун уутанд хийж эхлэв. Тэгснээ “Өвгөөн, цаанаасаа таван цаас /5000 төгрөг/ аваад өгөөч. Энэ гялгар ууттай ноосон оймс дотор нь хийгээд явуулчихъя. Хоёулаа хуваагаад авна биз” гэв. Балган гуай ч бидэнд ширээ засч өгсөн хар чемодан дээрх цай, идээгээ буулгаад чемоданаа уудалж гарлаа. “Яах вэ, хөгшөөн.
Тав байдаггүй, бүхэл арав л байна” гэвэл “За за, тэгвэл наадхыгаа хийчих. Тав, таваар нь хувааж авна биз” гээд нөгөө ноосон оймс дотроо нямбай гэгч нь хийгээд уутны амыг боов. Балган гуай “Дээр нь хүүгийнхээ нэрийг бичээд наачих юм уу” гэвэл гэргий нь толгой дохино. Хүүхдүүдийнхээ нэрийг цаасан дээр биччихээд хар чемоданаасаа скочоо хайгаад олдоггүй ээ. Бүх юмаа гаргаж тавиад ч олсонгүй. Хойморын жаазныхаа араар үзлээ, нааран орныхоо доогуур шагайлаа, бас л олсонгүй. Ингээд бид нэрийг нь наалгаж амжилгүй боорцогтой нь бариад гарлаа.
Хамгийн гол нь бид эднийхээс гарч ирэхдээ эвдрээгүй, итгэмтгий жирийн монгол малчин гэж ямар сайхан юм бэ гэсэн бодол тээсээр машиндаа суусан юм. Тийм байгаа биз дээ. Говь нутгийн алс газар намаржиж байгаа энэ малчных бидний хэнийг нь ч танихгүй. Тэгсэн хэрнээ ямар ч элдэв хар саналгүй 10.000 төгрөгтэй боорцгийг сумын төвийн сургуульд сурч буй хоёр хүүдээ өгөөд явуулж байгаа юм.
10.000 төгрөг гэдэг бол хөдөөд их мөнгө. Гэтэл тэд хэний ч танихгүй замын машинд дайчихсан. Тэр алс газарт ямар сайхан монгол зан, заншил, монгол уламжлал, монгол хүний уужуу итгэл хадгалагдаж байна вэ. Сайхан байгаа биз дээ. Дандаа л муу муухай бодол тээж, нинжа нарын тухай тэрүүхэндээ зэвүүцэж явсан бид малчин Балганыд орсны дараа сэтгэл уужраад их сайхан болж билээ.
Их нууруудын хотгорын бүсэд орших Дөрвөлжин сумыг зорьж байгаа болохоор хотгор газар руу уруудсаар л... Иймэрхүү байдалтай шөнөжин давхисны эцэст зорьсон газартаа ирлээ. Тэнд гэхийн тэмдэггүй говь нутагт салаа зам гарч ирэх бүрт л төөрөх янзтай. Дөрвөлжин сумын төв рүү дөхөх тусам салаа замын хэрчлээс нэмэгдэж байв. Учир нь тус сумаас 20-иодхон км-ийн зайд “Баянхайрхан” гэдэг компани уул уурхайн олборлолт явуулахаар зэхэж байгаа юм билээ. Үүнд нутгийн иргэд их л бухимдалтай байсан. Гэхдээ энэ тухай бид удахгүй мэдээлэх болно.
Дөрвөлжин сумын төвд хоносон манай сурвалжлах хэсэг маргааш нь сумын Засаг дарга З.Бадмаатай тус сумын нутгийг сүйтгэсэн нинжа нарын асуудлаар ярилцсан юм. Тус сумын хувьд Завхан аймгийн говийн бүсэд оршдог. 2000 гаруй хүн амтай, 147 мянган малтай аж. Засаг захиргааны хувьд таван багтай. Хэдийгээр цөөхөн хүн амтай ч говийн сумандаа нэлээд томд тооцогддог аж. Энэ сумын хувьд аймгийн төвдөө ойр болохоор Ургамал сумаас хөгжил, дэвшлээрээ арай дээр.
Нинжа нарт сүйтгүүлсэн чацарганы бутнаас орлогоо бүрдүүлдэг
-Алтны нинжа нарын гарт хоёр сумын нутаг сүйдээд байгаа. Энэ асуудал Дөрвөлжин сумаас эхэлсэн гэсэн?
-Манай суманд хайгуулын 12 лиценз бий. Нинжа нарын гарт сүйтгэгдээд байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын заагт таван лиценз бий. Түүний нэгийг “МАК” ХХК эзэмшдэг юм. “МАК” ХХК 2011 оны есдүгээр сард Бухын толгойн орчимд гурван өрөмдлөг хийсэн. Үүний дараа л нинжа нар орж ирсэн. Бидний зүгээс “МАК”-ийнхан мэдээлэл алдсан гэж үзэж байна. Түүнээс биш манай нутгийн иргэд тэндээс өөрсдөө очоод алт илрүүлнэ гэж байхгүй. “МАК”-ийн өрөмдлөг хийсэн газар эхлээд Ховд аймгийн хүмүүс ирсэн. Мэдээллийн дагуу сумын удирдлагууд, цагдаатай очиж хөөж туусан. Нэлээд хөөцөлдөж байж, сүүлдээ пост гаргаж байж нинжа нарын үйлдлийг таслан зогсоосон л доо. Ингээд хоёр сарын дараа цаашлаад Ургамал сумын нутгийн зааг дээрх Бөрчигтий уулын аманд нинжа нар цугларсан. Тэндээсээ цаашаа Ургамал сумын нутаг руу орсон юм. Манай сумын нутгийн хувьд хоёр уулын аманд нэлээд гүн ховил үүсгэж ухсан байгаа. Түүнээс биш яг Ургамал сумын нутаг шиг их талбайг сүйтгээгүй. Арай гайгүй.
-Танай сумын хувьд хэдий хэмжээний га талбай сүйтгэгдээд байна вэ?
-Манай сумын нутагт металл хайгч багаж ашиглаж машин олон жижиг нүх үүсгэсэн байсан. Цагдаагийн хүрээ үүсгэж, цагдаагийн байгууллага тэнд ажиллаад эхлэхээр нинжа нар тарж бутраад манай сум руу, Тавантолгой багийн нутаг руу орж ирсэн. Малчдыг айлгаж, худгийн мотор хулгайлах явдал нэлээд гарсан. 10 орчим га талбай сүйтгэгдсэн. Шөнө мал унавал тэндээс гарахын аргагүй гүн.
-Хамгийн гүн нь хэдэн метр байгаа вэ?
-Ууланд 15 метрээс дээш гүн ухсан байна лээ. Наашаа сэглэгдсэн газруудыг 2-3 гүн ухсан байсан.
-Нинжа нар “Алтаа ухуулдаггүй юм бол чацарганы бутыг чинь сүйтгээд өгье л дөө” гээд чацарганы бут руу дайрсан гэсэн. Хэр их бут сүйтгэгдээд байгаа вэ?
-Манай сумын иргэд нинжа нарт сүйтгүүлсэн чацарганы бутнаас орлогоо бүрдүүлдэг байсан юм. Сумын төвөөс доошоо 60 орчим км-т Хар бутны шугуй гэдэг зэрлэг чацарганы төгөл бий. Чацаргана хураах үе арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг. Гэтэл нинжа нар манай бут руу орсон байна лээ. Энэ ганц удаа тохиолдож байгаа юм биш. 2010 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумаас хөөгдсөн нинжа нар бас л манай бутыг сүйтгэж, нэлээд хохирол учруулсан. Энэ жил мөн машинаар дайрсан. Манай сумаас хүмүүс гарч бутанд ажиллаж байгаа. Хэдий хэмжээгээр сүйтгэснийг удахгүй тогтооно. Уг нь энэ бутнаас манай сумын иргэд чацаргана түүж амьдрал ахуйгаа дээшлүүлдэг юм. Жилд 50 орчим тонн, сайн гарсан жилдээ 100 орчим тонн чацаргана түүх боломжтой. Гэтэл үүнийг ингээд сүйтгэж байдаг. Тэр хүмүүс энэ бут ямар гай болсон юм бэ. Манай сумынхан жилд хоёр эх үүсвэрээс орлогоо бүрдүүлдэг юм. Нэг нь чацаргана, нөгөөх нь завхан бурал омгийн ямааны ноолуур. Чацарганы хувьд жилд ганц л түүдэг юм.
Дөрвөлжин сумын Засаг даргын хувьд Ургамал сум шиг хүнд нөхцөл байдалд ороогүй учраас бас ч гэж тайван байна лээ. Хэдийгээр эхлэл нь Дөрвөлжин суманд тавигдсан боловч төгсгөл нь Ургамал суманд жинтэйхэн тусчээ. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг Ургамал сумынхан сумаараа босоод ч нинжа нарыг дарж чадахгүй хэмжээнд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Ямартай ч нинжа нарын хөлд үрэгдэж буй Завхан аймагт үүссэн нөхцөл байдал “МАК” ХХК-иас үүдэлтэй гэдгийг Дөрвөлжин сумын Засаг дарга З.Бадмаа ч мөн хэлж байсан. Тэгэхээр Дөрвөлжин, Ургамал сумынхан алтны тухай мэдээлэл алдсан “МАК” ХХК-иас байгаль орчинд учруулсан хор хөнөөлийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхэд болохгүй гэх газаргүй юм.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"