logo
Эрдэнэс таван толгой ХК-ны ажил урагшлахгүй нээ. МАК МАХOН компанийг гайхшралд оруулсан “ тулгалт, шахалт”

Эрдэнэс таван толгой ХК-ны ажил урагшлахгүй нээ. МАК МАХOН компанийг гайхшралд оруулсан “ тулгалт, шахалт”

2012/11/19
Тавантолгойн нүүрсний уурхайн Баруун цанхын хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК-ны оператор компани МАК МАХОН компанийг гайхшралд оруулсан “шахалт”, “тулгалт” тус компаний нүүрс олборлолтыг саатуулж, төрийн санд оруулах мөнгийг тасалдуулж байна. Үүний нэг нь уурхайн олборлолтын хамгийн чухал хэсэг болох тэсэлгээний ажлыг гүйцэтгүүлэхээр уг салбартаа огт туршлага, материалаг бааз, техник технологи, мэргэжлийн боловсон хүчингүй “Би Эм Жи ” ХХК \Blast Manufacturing Group\ -ийг өрөмдлөгө, тэсэлгээний ажил хийлгэхээр зүтгүүлж, тус компанитай гэрээ байгуулахыг “дээрээс” тулган шаардаж байгаа нь юу юу ч үгүй компанитай хэрхэн ажиллах учраа олохгүй байдалд оруулж байгаа ажээ.

Тус компани Монгол улсын Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.4, 7.1.5, 7.1.6, 8.1.2, 10.1.1, 11.1.1, 11.1.2 зэрэг олон зүйл заалтыг зөрчиж, Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тавигдах шаардлагуудыг бүрэн хангаж чадаагүй гэдгийг манай улсын Тэсэлгээний салбарт ажиллаж байгаа мэргэжлийн инженерүүд нотолж байна.

Дээрээс “тулган, шахуулж” байгаа “Би Эм Жи” ХХК нь байгуулагдаад удаагүй ч 2011 оны 7 сарын 09–нд Тэсрэх материал импортлох, үйлдвэрлэх, харин 2012 оны 05 сард Тэсэлгээний ажил хийх тусгай зөвшөөрлийг авсан салбартаа цоо шинэ компани аж. Монгол улсын ямар ч иргэн компани байгуулж, ямар ч үйл ажиллагаа явуулж болох ч уг компани хаанаас ямар угшилтайг нь сурвалжилахад, эрхбиш хардах, эргэлзэх сэтгэл төрнө.

Дээрх компанийн хөрөнгө оруулагчдыг сурвалжлахад, Гантөмөр овогтой Сүхбуян. Увс аймгийн харьяат, Шинэчлэлтийн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд. Тэрээр “Эрдэнэс таван толгой” ХК-нд хангамжийн мэргэжилтнээр дөрвөн сар ажиллахдаа Цогтцэций сумын нутагт олон уурхайн уулзвар хэсэгт газар авчээ. Тэрээр Эрдэнэс таван толгой ХК-иас халагдахдаа өөрийн төрсөн дүү Гансүхийг өөрийнхөө оронд томилуулж чадсан байна. Мөн өөр нэг хөрөнгө оруулагч нь мөн л эрхэм Ерөнхий сайдын ах дүүгийн хүүхэд. Басан овогтой Самбуу. Увс аймгийн харьяат, тус компаний хөрөнгө оруулалтын 45 хувийг гаргасан бас нэг “ашиг сонирхолын зөрчилтэй ” нэгэн. Харин гурав дахь хөрөнгө оруулагч нь Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн намын нөхөр, гарын хүн Батбаяр овогтой Магсаржав.

Асар их хөрөнгө оруулалт, мэргэжлийн өндөр түвшин, ажлын туршлага, хууль, дүрмийг чанд мөрдөх ажлыг уул уурхайн анхны мэдэгдэхүүнгүй эдгээр хүмүүс сонгож, Эрдэнэс таван толгойг “байгаа” болгож, тэндергүйгээр авах гэж улайран зүтгэж байгаа нь ардаа том түлхээстэйн шинж бус уу.

Би Эм Жи компаний удирдлага, хууль хяналт, мэргэжлийн байгууллагын хүмүүс ч дээрх компаний талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж, таг дуугүй болж бодит мэдээллийг нуун дарж байгаа нь хардлага, сэжгийг улам лавшруулна. БМГ компани төрийн онцгой хяналттай, олон шат дамжлаг дамжиж байж авдаг тусгай зөвшөөрлүүдийг богино хугацаанд, зарим нэг мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагын санал, дүгнэлтгүйгээр шууд авсан нь ч дээрээс даалгавартайг баталж байна.

Ерөнхий сайдынх “нэртэй” дээрхи компанийн энэхүү үйлдэл, авилгал, хээл хахуулийг үгүй болгож, албан тушаалтан эрх мэдэл, танил талаараа хүч түрэмгийлж, тендергүйгээр төрийн хууль зөрчин өөдтэй өнгөтэй ажил үйлчилгээ болгоныг гартаа оруулдаг явдлыг үгүй болгоно гэж амласан Шинэчлэлийн нэртэй Засгийн газрын ам ажлын зөрүүг баталж, бизнесиийн өрсөлдөөний шударга орчинг булшилж байна.

Харин одоо Эрдэнэс таван толгой компанийн тэсэлгээний ажилд шаардлагатай тэр их хөрөнгийн зарим хэсгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсөвт тусгасан халаасны 50 тэрбум төгрөгнөөсөө гаргах нь гэж хардаж болох нээ.

Ийнхүү уул уурхайн хөгжлөөрөө дэлхийд гайхагдаж, аюулгүй ажиллагааг дээд түвшинд мөрддөг, хууль дүрмийг чанд сахидаг, аривч хямгач, нарийн тооцоотой германчуудад энэ нь ойлгоход төвөгтэй, басхүү “хууль, дүрэм, журам”–гүй Монголд ажиллаж байгаагаа санаж, асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй гацаанд орж, яахаа мэдэхгүй сууж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш