logo
Хүүхдийн паркийн газрыг дээрэмдсэн М.Өнөрболор хатагтай хаачсан бэ

Хүүхдийн паркийн газрыг дээрэмдсэн М.Өнөрболор хатагтай хаачсан бэ

2012/11/19
“Бодь” групп олны нэрлэж заншсанаар хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнг зургаан тэрбум 481 сая төгрөгөөр худалдан авч байжээ. Гэтэл одоо тус газар дээр шинээр зочид буудал барих төсөлдөө 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэнэ. Анх хүүхдийн парк барих 35 га газрыг бизнес эрхлэгчдэд хотын удирдлагууд олгосон байдаг. Гэвч өнөөдөр хүүхдүүд ердөө 4.5 га газар л тоглож байна.

Өнгөрсөн зунжингаа твиттэр, фэйсбүүк-ээр “Паркаа аваръя” гэх уриатай залуусийн нэгдэл үгээ хэлж эхэлсэн. Тухайн үед УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байсан учраас улс­төржчих байх гэсэн үүднээс төдийлөн сайн хүчээ аваагүй. Ха­рин өнгөрсөн намраас эхэлж, тус холбоо олон хү­ний дуу хоолойг нэгтгэсэн хөдөлгөөн болж хувирлаа.

“Үндэсний соёл амралтын хүрээлэн”-ийнхэн “Дахин дөрвөн га-д нь тоглоом байгуулна” гэж буй. Гэвч тэдний энэ хэлж буй амлалт хэрэгжих үү, үгүй юу гэдэг дээр иргэд, хөдөлгөөнийхөн эргэлзэж байгаа аж. Сайнаар бодоход найман га нь л тоглоомтой болох юм.

Тэгтэл өөрийн эзэмшлийн 35 га талбайтай хүүхдийн паркийн үлдсэн 27 га-г өөр зориулалтаар ашиглахад бараг бэлэн болсныг эх сурвалжууд хэллээ. Бүр зарим нь ашиглагдаад эхэлчихснийг иргэд нүдээрээ харж байгаа. Эх сурвалжуудын мэдээлснээр газрын наймаачид уг паркийн таван га газрыг 12 сая ам.доллараар зарна гэж байсан гэнэ. Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө хүүхдийн паркийг шинэчлэн барих нэрийдлээр цэнхэр өнгийн төмөр хашаа татаж хоёр жил гаруй болсон. Тухайн үед нийслэлчүүд “ Паркгүй болох нь” хэмээж байлаа. Харин “Бодь” групп худалдан авсан паркийн газар дээр нүд хужирлам хэдэн тоглоом байрлуулсан. Даанч харамсалтай нь ийм бүтээн байгуулалтын хажуугаар газрыг нь хэдэн хэсэг болгон хуваасны балаг одоо гарч байна.

“БОДЬ” ГРУППЫНХАН ЯМАР Ч ХАРИУ ӨГӨӨГҮЙ БАЙНА

Тус газраас хүртсэн компаниудын нэрийг дурьдвал “MCS”, “СӨҮЛ” групп, “Мон Уран” компани. Бүгд дор бүрнээ зочид буудлын зориулалтаар барилга барьж, үйл ажиллагаа явуулахаар болоод буй. Нэг хэсэг “МАК”, “Шунхлай” зэрэг томоохон компаниуд паркийн газрыг хүч түрэмгийлэн эзэмшиж байна гэх мэдээлэл гарч байсан ч хожим шалгалтаар тус компаниуд буруугүй нь тогтоогдсон аж. Гэхдээ паркын хамгийн их буюу 32 га газрыг “Бодь” групп эзэмшдэг. Уг групп хүүхдийн тоглоомын талбай байгуулахаас гадна нэмж юу хийх гээд байна вэ гэдэг нь одоо болтол оньсого хэвээр. Харин гурван га-д нь “Шангре-Ла-Улаанбаатар” зочид буудлыг барих гэж буй “MCS” группын охин компани болох “MCS Проперти” компани олон улсын таван одтой зочид буудал барих тухайгаа Залуучуудын холбоонд хариу мэдэгдэл ирүүлсэн байна. Тэд 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалттай зочид буудалдаа “Залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх усан сан, үзвэр, үйлчилгээний газар байгуулна” гэжээ. Үүнийгээ паркийн бодлогод нийцэж байгааг дурьдсан гэнэ. Тэгвэл “Одоо байгаа Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үнийг дийлэхгүй байгаа юм чинь таван одтой зочид буудлын үйлчилгээний үнийг бүр дийлэхгүй биз дээ” гэх байр суурьтай хүмүүс ч тааралдсан.

БУСАД НЬ ЗӨВШӨӨРВӨЛ Б.НАРАНХҮҮ ГАЗРАА ӨГЧ ЧАДАХ УУ

УИХ-ын гишүүн, “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү “Бусад нь өгчихвөл би газраа буцаа-хад татгалзах юм алга” гэж мэдэгдсэн. Туулын хөвөө, хүүхдийн паркийнн газрын маргаантай байнга нэр холбогдож байдаг энэ эрхэм зоригтой хариулт өгсөнд хөдөлгөөнийхөн талархаж байгаа гэх. Даанч сэтгэл эмзэглүүштэй нь бусдад нь одоо хүртэл газраа өгөхгүй гэх байр суурин дээрээ тас гүрийсээр буй. Б.Наранхүүгийн хувьд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн 0.9 га газрыг эзэмшдэг байна.

Паркийн газрын бас нэгэн луйврын эзэн нь “СӨҮЛ” групп. Тус группын ерөнхийлөгч М.Өнөрболор хэмээх эмэгтэй. Энэ групп анх “Чингис хаан” гэх амралт зугаалга, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүтээн байгуулалт хийнэ гэж газрын зөвшөөрөл авсан ч эцэст нь ресторан, зочид буудлын зориулалттай газар авсан болж хувирав. Үүнийг тэд “Улаанбаатарт гадныхан орох олигтой буудал ч алга. Тиймээс бид төлөвлөгөөгөө өөрчилсөн” хэмээн тайлбарласан. Гэсэн ч өнөөдөр паркийг аврах хөдөлгөөн өрнөхтэй зэрэгцэн М.Өнөрболор хатагтай усанд хаясан чулуу шиг алга болсон гэнэ.

“Паркаа аваръя ” хөдөлгөөний удирдагч “Монголын залуучуудын холбоо ”-ны тэргүүн А.Мөнхбатаас дээрх асуудлуудыг талаар тодрууллаа.

-Танай холбооноос “Паркаа аваръя” хөдөлгөөнийг байгуулаад байгаа. Энэ ажлыг нийгэмд дэмжиж буй хүмүүс олон болж байх шиг байна. Одоогийн байдлаар ямар байгууллагууд нэгдээд байна вэ?
-Хөдөлгөөнд хэд хэдэн залуучуудын байгууллага нэгдлээ. Тухайлбал, Залуу эрдэмтдийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн залуучуудын холбоо, МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллага, нийслэлийн Ардчилсан залуучуудын холбоо, мөн Сурагчдын холбоо нэгдсэн. Түүнчлэн ахмадын байгууллагууд бидэнтэй нэгдэж байна. Тодруулбал, анх паркийг барьж байсан хүмүүс хэвлэлийн хурал хийж бидэнтэй нэгдэж буйгаа илэрхийлсэн. Сурагчдын холбоо бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа ч гэсэн хүүхдүүдийг энэ асуудал дээр бага оролцохыг анхааруулж байгаа.

-Харин нийслэлийн удирдлагууд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нийслэлийн ИТХ-ын гишүүд хотын даргаас паркаа аврах, эсэх талаар асуусан байна лээ. Э.Бат -Үүл дарга тэдний хариуд “Ямар ч байсан тэр залуусийн санааг дэмжиж байгаа” гэж хэлсэн. Ямартай ч удирдлагуудын чихэнд хүрсэн юм байна гэж ойлгож байгаа. Нөгөөтэйгүүр бид хэвлэлийн бага хурлаараа дамжуулж Ерөнхий сайд Н.Алтанхуягийг энэ асуудлыг анхааралдаа авахыг хүслээ. Тэрбээр өөрийнхөө төсвийн 50 тэрбум төгрөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, олимпийн бэлтгэлийн хүрээлэн байгуулахад хөрөнгө оруулах юм билээ.

Түүнчлэн паркийн газартай холбоотой компаниудын удирдлагуудын ихэнх нь АН-тай холбоотой хүмүүс. Тиймээс Н.Алтанхуяг сайд АН-ын даргын хувьд анхаараач гэж байгаа. Мөн газрыг өгсөн хүмүүс нь МАН-ын гишүүд байсан.

Дашрамд дурьдахад АН төрийн бараг бүх байгууллагад нөлөөлж, шидэт дохиураараа удирдаж эхэллээ. Тэгвэл эл нам энэхүү хүчээрээ улсдаа ганц байдаг хүүхдийн паркаа аварч чадвал тэднийг жинхэнэ ард түмний төлөөлөл гэдгийг батлах гарц ч байж болох юм.
 
Л.Баатархүү

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш