logo
Шөнийн клубүүдийн ажилчид хотын удирдлагад шаардлага хүргүүлжээ

Шөнийн клубүүдийн ажилчид хотын удирдлагад шаардлага хүргүүлжээ

2012/11/20
Улаанбаатар хотын менежер Ч.Батын тушаалаар өнгөрөгч аравдугаар сард баар, кафе зэрэг 28-н аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Тэгвэл байнга цаг хэтрүүлэн ажилладаг гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуй нэгжийн ажилтнууд хотын удирдлагад хандаж шаардлага хүргүүлсэн байна.

Уг шаардлагадаа “Хөл бөмбөгийн тэмцээний үеэр тухайн үеийн ерөнхий сайд, байгаль орчны сайд нар шөнийн цагийн хязгаараа зөөллөж, шар айргаар үйлчлүүлэхийг хүсэхэд хотын менежер Ч.Бат түүнийг зөвшөөрсөн.

Эрх мэдэлтнүүд бус энгийн иргэд хүсэлт тавихаар хуулиа дагаж мөрдөө гэдэг тайлбар хэлдэг, Ерөнхий сайд хүсвэл шар айраг уунгаа хөл бөмбөг үздэг, ердийн залуус бүжиглэх гэхээр цагдаагаар хаалгадаг энэ байдлыг шударга байдал гэх үү, хөл бөмбөгийн тэмцээн хүндэтгэх шалтгаан уу, хувийн хэвшлийн ажлын байр хүндэтгэх шалтгаан уу” зэргээр асуудлыг дэвшүүлжээ.

Мөн НИТХ-ын 91-р тогтоолыг хүчингүй болгож, тусгай зөвш өөрлийг нь цуцалсан аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг эргэж сэргээх, Хууль зүйн яамнаас тавьж буй аюулгүй байдлын стандарт шаардлага хангаж, хяналтын камерийн системийг суурилуулсан томоохон шөнийн клубүүдийг 04.00 цаг хүртэл ажиллах нөхцөлөөр хангахыг шаарджээ.

Шинэ жилийн баяр тун удахг үй болох гэж байгаа тул үйлчлүүлэгчдийнхээ тав тух, аюулгүй байдлыг хангаж тогтсон стандартыг нэвтрүүлж эхлэх нь цаг хугацааны хувьд тулгамдсан асуудал болоод байгааг ч хөндсөн байна. УИХ-ын гишүүн хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зэрэг АН-ын нөлөө бүхий албан тушаалтнууд стандартын шаардлага хангасан шөнийн цэнгээний газруудыг 04.00 цаг хүртэл ажиллуулах нь зөв гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг судлах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг ч идэвхтэй ажиллаж байгаа билээ. Найман жил мөрдөж байгаа архидан согтуурахтай тэмцэх тухай хууль нь амьдралд төдийлөн нийцээгүй гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрсөн.

Архидалт хяналтаас алдагдаж, ахуйн хүрээний гэмт хэрэг өсөх болсон гол шалтгаан нь энэ хуулийн буруу зохицуулалтаас болсон гэж үзэх хандлага ч их байдаг. Шаардлага хүргүүлж байгаа аж ахуй нэгжүүдийн ард нийт 500 орчин ажилтан албан хаагчдын амьжиргааны асуудал давхар яригдаж байгаа гэдгийг ч тэд мөн онцолсон юм. Тун удахгүй НИТХ-аар эл асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргана гэдэгт ч тэд итгэж байгаагаа мөн дурьджээ.

Г.Түмэнтогос

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш