logo
НИТХ-ын Өргөдөл гомдлын хороо хуралдлаа

НИТХ-ын Өргөдөл гомдлын хороо хуралдлаа

2012/11/21
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Өргөдөл гомдлын хороо хуралдлаа. Хуралдаанаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг хэлэлцлээ. Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газрын дарга Ч.Бямбажав тус газартай холбоотой өргөдөл гомдлын тухай мэдээллийг хийлээ. Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1234 утас болон, Он-лайнаар өнгөрсөн сарын 3-аас, энэ сарын 13-ийг хүртлэх хугацаанд нийт 268 өргөдөл гомдол ирснээс, орон сууцны үйлчилгээтэй холбоотой 141, халаалттай холбоотой 68 хэрэгцээний халуун хүйтэн устай холбоотой 14, цахилгаантай холбоотой 19 гомдол ирсэн байна. Эдгээр гомдол хүсэлтийн 194-ийг нь хугацаанд нь шийдвэрлэжээ. Хуралд оролцогчид, цахилгаан түгээх сүлжээ ХХК болон Дулааны шугам сүлжээ ХХК-ийн үйл ажиллагнааны доголдолоос болж орон сууц нийтийн аж ахуйн компаниудад гомдол маш ихээр ирдэг.  Тиймээс эх үүсвэрийн доголдолыг арилгуулах тал дээр илүүтэй анхаарах нь чухал байна гэсэн саналуудыг хэлж байлаа.
Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, дулаантай холбоотой асуудал орон сууцны конторуудын байнгийн бэрхшээл. Тиймээс орон сууцны дулаан алдагдалтыг багасгах тал дээр дорвитой ажил хийх нь зөв юм. Мөн иргэдээс ирүүлж байгаа гомдлын тал гаруй хувь нь засвар үйлчилгээтэй холбоотой асуудал байдаг юм байна.  Засвар үйлчилгээг бол бид гадны ямар нэг хүчин зүйлгүйгээр шийдвэрлэх боломжтой. Тэгэхээр иргэдэд үзүүлэх энэ үйлчилгээндээ илүү их анхаарч, сэтгэлтэй хандах хэрэгтэй, цаашид шинээр баригдах орон сууцанд дулаан алдагдалтын стандартыг тогтоох чиглэлээр бид анхаарч ажиллана гэлээ. Мөн СӨХ болон орон сууцны конторуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллах нь иргэдийн гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд илүү дөхөмтэй гэв.
НИТХ-ын Өргөдөл гомдлын байнгийн хороо нь 7 төлөөлөгчтэй бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл нь тус хорооны дарга юм. Тус хороо нь иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэх, өргөдөл гомдолд дурьдсан асуудлыг судлан үзэж, нийслэлийн төр захиргааны байгууллагаас гаргаж байгаа эрх зүйн баримт бичигт тусгах, тэдний санал бодлыг нэгтгэн хурлын байгуулалтын удирдлагад танилцуулах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг эрхэлдэг гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш