logo
Сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа

Сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа

2012/11/21
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр орон даяар явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд харьяалагдах дүүрэгтээ буюу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, сонгуулийн зургаадугаар хэсэг байрлах нийслэлийн 45 дугаар дунд сургууль дээр 12.00 цагт ирж саналаа өглөө.  

Тэрбээр энэ үеэр орон нутгийн сонгуульд зургаа дахь удаагаа оролцож санал өгч байна гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн. Түүнчлэн орон нутгийн удирдлагаа сонгох ИТХ-ийн сонгуульдаа идэвхитэй оролцохыг радио, телевизээр дамжуулан нийт ард иргэддээ уриаллаа.

СБД-ийн зургаадугаар  хэсгийн хороонд нийт 2451 сонгогч санал өгөхөөс 11 цагийн байдлаар 231 иргэн саналаа өгсөн байсан. Харин 29 иргэнээс зөөврийн хайрцагаар санал авчээ. Хэсгийн хорооны байранд ирж санал өгсөн  иргэдийн 112 нь эрэгтэй, 119 нь эмэгтэй байлаа. Санал өгсөн сонгогчдыг насаар нь авч үзвэл 18-25 насны 14, 26-40 насны 30, 41-55 насны 66, 56-аас дээш насны 121 иргэн байв.

Энэ удаагийн сонгуулийн гол онцлого нь иргэд анх удаагаа цахим үнэмлэхээр санал өгч байгаа юм. Мөн санал тоолох цахим машин ашиглагдаж байгаа. Одоогийн байдлаар иргэдээс санал авах ажил хэвийн явагдаж байна. Гэхдээ сонгуульд залуучуудын оролцоо  тааруу байна гэдгийг хэсгийн хорооны дарга Ц.Намжилдорж  хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш