logo
УИХ-ын дарга З.Энхболдыг БНАСАУ-д айлчлахыг урилаа

УИХ-ын дарга З.Энхболдыг БНАСАУ-д айлчлахыг урилаа

2012/11/22
Манай Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга ноён Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2012.11.19/ Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа ноён Чой Тэ Бок хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурснаар УИХ-ын дарга З.Энхболд төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.
 
Уулзалтанд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга  С.Баярцогт, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантуяа, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нар оролцсон.
 
УИХ-ын дарга З.Энхболд, "Эрхэмсэг ноён Чой Тэ Бок таныг манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархаж байна. 1948 онд  дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жилийн турш хоёр орны ард түмний эрх ашгийг хангаж, олон улсын тавцанд уламжлалт найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлж ирсэнд баяртай байна. Таны айлчлал Монгол Улс, БНАСАУ-ын хууль тогтоох байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм. Бид зургадугаар сард УИХ-ын сонгуулиа хийж, шинэ парламент, Засгийн газраа байгуулаад амжилттай ажиллаж байна. "Шинэчлэлийн" Засгийн газар олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засагтай болох, уул уурхайгаас хэт хараат эдийн засгийн байдлыг арилгах зорилготойгоор аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам болон боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн. Монгол Улс залгамж чанартай төрийн бодлогын уламжлалаа хадгалж, БНАСАУ-ын шинэ удирдагчтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Мөн танай улстай бараа бүтээгдэхүүн экспортлох, ажиллах хүч солилцох, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах, далайд гарцгүй улсын хувьд БНАСАУ-тай далайн боомт түрээслэх хэлэлцээрээ үргэлжлүүлэх сонирхолтой байна" гэлээ.
 
БНАСАУ-ын Ардын дээд Хурлын дарга ноён Чой Тэ Бок УИХ-ын даргыг элгэмсэг дотноор угтан авсанд талархалаа илэрхийлээд, энэ удаагийн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ. Тэрээр цааш үргэлжлүүлэн, Манай хоёр улс олон улсад тэр дундаа НҮБ-ын хүрээнд нягт хамтран ажиллаж байна. Энэхүү харилцаа нь Зүүн Хойд Азийн эв найрамдал тогтвортой харилцаанд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа. Парламентын бүлгүүдээрээ дамжуулан хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх боломжтой. БНАСАУ-ын зүгээс танай улстай эдийн засгийн бүсчилсэн хөгжил, далайн гарц, нүүрс, уул уурхайн салбарт хамтран ажиллах саналтай байна. Тиймээс хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд Монгол Улсын Их Хурал дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээгээд УИХ-ын дарга З.Энхболдыг БНАСАУ-д албан ёсны айлчлал хийхийг урилаа.
 
Уулзалтын дараагаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга ноён Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчдөд УИХ-ын чуулганы танхим болон Төрийн ордныг танилцуулсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш