МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар шөнийн 01:00 цагийн үед сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэсгийн хороодын ажиглагчдын мэдээлснээр МАН 21 аймгийн 14-т ялалт байгуулжээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн 24 сумын 14-т нь ялалт байгуулсан байна.
Мөн Дундговь аймгийн 24 тойрогт нэр дэвшигчдийн 13, Говь-Алтай аймгийн 23 тойрогт нэр дэвшигчдийн 17, Өвөрхангай аймгийн 28 тойрогт нэр дэвшигчдийн 18, Сэлэнгэ аймгийн 24 тойрогт нэр дэвшигчдийн 15, Дархан-Уул аймгийн 21 тойрогт нэр дэвшигчдийн 13, Завхан аймгийн 29 тойргийн нэр дэвшигчдийн 23, Говьсүмбэр аймгийн 8 тойргийн 5, Дорнод аймгийн 23 тойргийн 13-т нь МАН тус бүр ялалт байгуулсан гэх урьдчилсан мэдээлэл иржээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Улаанбаатар хотын нийслэлийн дүүргүүдийн санал хураалтын дүн нэлээд бага байлаа. Орон нутагт ч мөн адил ирц багатай сонгууль болсон. Энэ нь хөдөөд цас ихтэй, цаг агаар хүйтэн байсантай холбоотой” гэлээ.
МАН нийслэлийн дүүргүүдийн хувьд Багануур дүүргийн 25 тойргийн 13-т нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан аж. Мөн Багахангай, Налайх дүүрэгт ч ялалт байгуулсан гэнэ. Сонгинохайрхан дүүргийн 32 тойргийн 20 тойрогт ирц бүрдсэн. Ирц бүрдсэн тойргуудын 11-т нь МАН ялалт байгуулжээ.