Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчдийн энэ сарын 17-ны өдрийн хурлаар дээрх журмын хэрэгжилтийг хэлэлцээд, байгууллага аж ахуйн нэгжийн хүлээх хариуцлагын заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогтоос тодруулсан юм.
Тэрбээр “Албан газар, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн газар нутгийн орчин тойрныг цэвэрлэх үүрэгтэй. Харин шинэчилсэн журмаар өөрийн эзэмшлийн талбайгаас гадна ойр орчмын нийтийн эзэмшилд багтах 50 метр хүртэлх нутаг дэвсгэрийн хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх үүргийг хүлээх юм.
Мөн хариуцлагын тогтолцоог илүү нарийн тусгаж өглөө. Өөрөөр хэлбэл, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас иргэд хохирсон бол зардлыг нөхөн олгуулдаг болно. Журмыг мөрдөөгүй байгууллагын газар эзэмших эрхийг цуцлах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмж торгох зэрэг арга хэмжээ авна.
Иргэдээс хүсэх зүйл нь яг энэ байгууллагын эзэмшлийн талбайд хальтирч унасан гэдгээ нотлох, гэрчтэй байх ёстой” гэсэн юм.
Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн зам, талбайд хальтиргаа үүсч, түүнийг хэрхэн цэвэрлэх асуудал толгойны өвчин болсоор ирсэн. Мөн гудамж талбайн цасыг зөвхөн тохижилт үйлчилгээний компанийн “шар” хантаазтанууд цэвэрлэдэг гэх ойлголт тогтсон нь нууц биш.
Тэгвэл энэхүү шинэчилсэн журмыг мөрдөж эхэлснээр дээрх ойлголт үгүй болж, албан байгууллага, аж ахуйн нэгж, компаниуд цэвэрлэгээнд тэгш эрхтэй оролцож байх юм.
Харин журмын биелэлт, хэрэгжилтэд дүүргийн Мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн байцаагчид хяналт тавьж ажиллахыг журамд тусгасан байна. Ингэснээр иргэдэд аюулгүй орчныг бүрдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"