logo
 Би мөрөөдлийнхөө нэгээхэн хэсэгт хүрсэн гэж боддог

Би мөрөөдлийнхөө нэгээхэн хэсэгт хүрсэн гэж боддог

2012/11/22

Биеийн тамир, спортын хорооны тэргүүний ажилтан, Олон улсын хэмжээний мастер, хар бүс гурван дан, Олон улсын таэквондогийн Монголын холбооны шигшээ багийн тамирчин Г.Оюунболдтой ярилцлаа.

-Спортод хөл тавихад тань юу нөлөөлсөн бэ?

-Багын маань мөрөөдөл гэж хэлж болно. Телевизээр зодоонтой кино, Олимпийн   тэмцээн   үзэх дуртай байсан маань тулааны спортоор хичээллэх хүсэлтэй болгосон гэж боддог. Багадаа зурагтаар үздэг бай­сан шигээ “Өөрөө олимп, дэлхийн тавцнаас медаль авна даа” гэсэн зорилго тавьж байсан. Би мөрөөд­лийнхөө нэгээхэн хэсэгт хүрсэн гэж боддог. Цаашид илүү их амжилт үзүүлэхийн төлөө хичээж байгаа.

-Тулааны спортын давуу тал юу вэ?

-Хамгийн түрүүнд мэдээж, биеэ хамгаалж сурна. Зөв боловсон харь­цаа, ахмад болон өндөр зэрэг цолтой хүмүүсийг хүндэлж сурна. Бие бялд­рын хувьд ч зөв тэгш хөгжиж, уян хатан болдог. Зөвхөн сайн тулалддаг хүн биш хатуу биет хугалдаг, өндөр өшиглөдөг хүн ч хичээллэж болно. Ер нь  энэ  спортоор  таваас  дээш нас­ны­хан хичээллэх боломжтой. Түүнч­лэн ахмадын дэлхийн авар­гын тэмцээн хүртэл болд­гоороо онцлогтой.

-Зэрэг цолны талаар тодруулбал?

-Эхлэн суралцагчид цагаан бүс­нээс улаан бүс хүртэл, 1-9 дүгээр зэрэг хүртэл суралцдаг юм. Хар бүс нь нэгдүгээр дан учир Монгол улсын хэмжээнд багшлах эрхтэй болдог. Харин хар бүс дөрвөн дантай болбол олон улсад багшлах, тэмцээнд оролцох  эрхтэй. Хар  бүс таван дантай тамирчин тэмцээнд оролцохгүй, зөвхөн шүүгчээр ажилладаг.

Манай улс саяхныг хүртэл олон улсын шүүгчгүй байлаа. Харин одоо шүүгч хийх эрхтэй хоёр, олон улсад багшлах эрхтэй арав гаруй тамирчин байгаа. Миний хувьд 10 жил энэ спортоор хичээллэж байгаа, хар бүс гурван дантай эрэгтэйчүүдээс хамгийн залуу тамирчин.

-Манай улсын тамирчид тулааны спортын аль төрөлд илүү амжилттай оролцдог вэ. Мөн ДАШТ-ээс хамгийн анхны медаль авч байсан хүн нь та. Тэр тэмцээнийхээ талаар сонирхуулахгүй юу?

-Олон улсын таэквондогийн ДАШТ нь хатуу биет хугалах буюу банз хугалах, хувийн болон багийн тулаан, онцгой чадвар буюу өндөрт өшиглөх гэх зэрэг төрлөөр явагддаг. Манай улсын тамирчид хатуу биет хугалах буюу банз хугалах төрөлд илүү их амжилттай оролцдог. Би 2010 оны Санкт-Петербургийн ДАШТ-ээс хувийн тулааны төрлөөр 64 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байсан.

-Тамирчин хүн бүрт тохиолддог нэг бэрхшээл бол санхүүгийн асуу­дал байдаг. Таны хувьд энэ асуудлыг яаж шийдвэрлэдэг вэ?

-Мэдээж, ихэнх нь тамирчдад маш том хүндрэл болдог. Миний га­дагшаа явах тэмцээний ихэнх зард­лыг  “Алагтай-Цэцэн” клуб даадаг. Бас заримдаа ямар нэгэн ком­паниас гаргуулах үе ч бий.

-Одоохондоо тэмцээнүүд түр завсарлаад байгаа. Тэмцээн эхэлтэл бэлтгэл сургуулилтаа хийх байр хэр байна вэ?

-Хэдэн жилийн өмнө бүхий л спортынхонд тийм асуудал байсан. Одоо шийдэгдсэн гэж хэлж болно. Манай тамирчид тав тухтай орчинд бэлтгэлээ хийдэг болсон. Энэ бол С.Жаргалсайхан ерөнхийлөгчийн гавьяа л даа. Тэрбээр 2009 оноос хол­бооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж эхлээд ихээхэн өөрчлөлт хийж, эдгээр асуудлуудыг бүрэн шийдэж өгсөн.

 -Таны бодлоор манай тамирчид дэлхийн ямар түвшинд яваа бол?

-Ерөнхийдөө их дээгүүр бичигддэг. Манай улсын төдийгүй Ази тивийн тамирчид тулааны спортод хүчтэй өрсөлдөгчид байж чаддаг.

-Энэ спортод аль улсын тамирчид дэлхийд ноёлж байна вэ?

-Тулааны төрлөөр ОХУ-ыг хэлж болно. Мөн үндэсний спорт гэдэг утгаараа БНАСАУ илүү сайн. Гэхдээ сүүдрийн тулааны төрөлд солонгосчууд дэлхийд нэгт ордог. Харин Монголын тамирчид хатуу биет хугалах төрлөөр дэлхийд дээгүүр ордгийг энд хэлэх хэрэгтэй байх.

-Тамирчин бүр өөрийн хөлс, хүчийг шавхан байж амжилтанд хүрдэг. Тэр хэмжээгээр үнэ цэнэтэй байдаг. Таны хувьд хамгийн их хүч, хөдөлмөр гаргаж байсан нь?

-Тэгэлгүй яах вэ. 2011 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд би хоёр ялаад хожигдсон. Гэхдээ өөрийгөө ДАШТ-ий хүрэл медальтай тамирчин гэдгээ баталсандаа баяртай байдаг. Манай улсын таэквондочдоос дэлхийн дэвжээнд гараад нокаут хийсэн тамирчин байдаггүй. Түүгээрээ бас анхдагч болж чадсан гэж би боддог.

-Мөрөөдөж эхэлсэн спортдоо нэлээн өндөр амжилт үзүүлээд байгаа. Тэгвэл өөрийн шавь нараа бэлдэж байгаа юу?

-Одоохондоо клуб байгуулж ам­жаагүй байна. Дасгалжуулагчаар ажил­лаагүй ч гэсэн “Хүч” спорт хо­рооноос ажлын санал ирж байсан. Гэхдээ “Алагтай-Цэцэн” клубийн та­мирчин хэвээрээ байгаа.    

-Спортоороо цаашид хичээллэх үү. Аль эсвэл сонирхож буй өөр мэргэжил байна уу?

-Цаашдаа амжилтаа ахиулах зо­рил­готой байгаа. Таван дангаа авч, олон улсын шүүгч болох зорилго­тойгоор бэлтгэлээ хийж байна даа.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш