Завхан аймгийн хувьд уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн Монгол Улсын цорын ганц аймаг байв. Мэдээж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тооцохгүйгээр шүү дээ. Харамсалтай нь, энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Хэдхэн сарын өмнө тус аймгийн нутаг нинжа нарын гарт сүйдээд эхэлсэн бол ирэх жилээс тус аймгийн Дөрвөлжин сум дэлхийд данстай “алтны мангас”-уудын дайралтад өртөх нь тодорхой болжээ. Энэ асуудалтай холбогдуулан манай сурвалжлах хэсэг тус аймгийн зорьсон юм.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь алт, мөнгө, зэсийн асар их нөөцтэй Баян айраг уулыг “Баян айраг эксплорейшн” ХХК “авчээ”. 50 тонн алтны нөөцтэй энэ орд Монгол Улсын хамгийн их алтны нөөцтэй гэдгээрээ онцлог. Гэтэл ийм нүсэр ордыг “Баян айраг эксплорейшн” ХХК гэх нэгэн нууцлаг компани олны нүднээс далд, чимээ аниргүйхэн ухаж эхэлж байна. Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдын зааг дээр байрладаг энэ ууланд нутгийн иргэд эцэг, өвгөдийнхөө ясыг тавьдаг байж. Гэвч үе дамжин хайрлаж, хамгаалж, тахин шүтэж ирсэн энэ уулан доорх баялаг гадны гийчдийн нүдэнд өртөж, ухаж сүйтгүүлэхдээ тулаад байна. Зарим хэсэгт нь ухаад эхэлчихсэн байна лээ.
Сурвалжлагынхаа эхэнд Завханы говийн үзэсгэлэнд заналхийлээд буй “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн хөрөнгө оруулагч болох Малайзын “Керру холдинг” группийн талаар цухас өгүүлье. Гонконг, Хятад, Малайз, Индонези зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд, Австрали, Англи зэрэг дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг энэ том групп элсэн чихрийн бизнесийг атгадаг гэхэд болно.
. Энэ бизнесээс өдөрт сая, сая долларын ашиг олж байдаг “Керру холдинг” групп салбар бүрт охин компанитай аж. Иймээсч группийн эзэн хятад гаралтай Роберт Куок гэгч 12.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 61 дүгээрт бичигдсэн байна. Харин “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн хувьд хэд, хэдэн том компанийг дамжиж байж “Керру холдинг” групптэй холбогддог ажээ.
“Баян айраг эксплорейшн” ХХК Баян айргийн ордыг 2008 оны гуравдугаар сарын 24-нөөс 2038 оны гуравдугаар сарын 24-нийг хүртэл ашиглах тусгай зөвшөөрөл авсан. Харин олборлолт явуулах зөвшөөрлийг нь Завхан аймгийн ИТХ-ын 2011 оны арванхоёр дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар тогтоолоор олгосон байдаг.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Баян айргийн орд Улаанбаатар хотоос 1399 км, аймгийн төв Улиастай хотоос 143 км зайд оршино. Манай сурвалжлах хэсэг Дөрвөлжин сумын нутагтай залгах үеэс л түмэн хэсэг хэрчигдсэн, олон салаа зам үүссэн байв. Говь нутгийн эмзэг хөрсөн дээгүүр хүнд даацын машин байтугай жижиг тэрэг нэг давхихад л тоос босч, шороон зам татаад явчихна.
Зүг чиггүй энэ олон салаа замыг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн зөөврийн ус ачдаг хүнд даацын машин гаргасан гэдгийг нутгийн иргэд хэлж байсан.
Бид ч усны машины мөр дагаж давхисаар Дөрвөлжин сумаас зүүн хойно байрлах Баян айргийн ордод ирлээ. Компанийн зүгээс Баян айргийн уулыг хэдийнэ хашаалчихсан байв. Тэрхүү хашаан дотор нь тоос, шороо манарч, ажилчдын кэмпийг барьж, байгуулах ажил ид бужигнаж байлаа. Ажилчдын байр барих ажлыг удахгүй дуусгаж, ирэх оны эхээр олборлолтоо хийж эхлэх юм байна. Орохыг хориглосон постны өмнө очоод зогсвол хоёр давхар байрнаас харуулууд гарч ирэв. Бичиг баримтаа шалгуулж, хаанаас яваагаа хэлбэл төв рүүгээ холбогдож, нэвтрэх зөвшөөрөл хүсч байна. Харуулын барьсан станцийн цаанаас гайхсан нэг эмэгтэй “Юу вэ. Наад хүмүүсээ оруулж болохгүй шүү” хэмээн хашхичих сонсдов. Сандарсан харуул станцынхаа дууг хааж, биднээс холдоод нэлээд ярилцаж, хэсэг загнуулж аваад харуулын байр руугаа ороод таг болчихлоо.
Цаг орчим хүлээлээ, харуул алга. Байр руу нь дөхөж очвол нэг харуул нь гарч ирээд “Нэвтрэх зөвшөөрөл өгөхгүй байна. Төв оффис руу холбогдож байгаа байх. Одоохон” гээд бичиг баримт хурааж аваад орлоо. Бас л таг болчихов. Хүлээж залхсан бид харуулын байрны хажуугийн толгод руу мацаж, уулан дээрээс компанийн хашаан доторх зургийг нь авч эхэлсэн юм.
Эндээс ажилчдын кэмп доторх бүх зүйл харагдах аж. “Баян айраг эксплорейшн” ХХК энэ бүсэд 6102 га талбайг эзэмших эрхтэй. Гэвч зөвшөөрөгдсөн газраас нэлээд том талбайг илүү хашсан байв. Баян айраг гэх үргэлжилсэн уулсын өвөрт 150 гаруй гэр барьж, бас бус чингэлгүүд байрлуулжээ. Хашаан дотор нь тал нутгийн малчдын айдас болсон хүнд даацын том машин, кранууд нааш, цааш хөлхөлдөнө. Гэрүүдийн хойдох уулын нууцхан аманд хэдэн мянган ширхэг гуалин /дүнз/ овоолжээ. Говь газарт нүдний гэм болсон энэ олон дүнзийг их л холоос хядаж дээ гэж бодогдсон. Харин гэрүүдийн доод хэсэгт барилга байгууламждаа зориулж том, том нүх ухаж, шороог нь овоолсон байв. Ухсан нүхнээс нь нөгөө их шороо, тоос манарах аж.
Энэ байгууламжаас зүүн тийш чиглэсэн замаар хүнд даацын том машинууд цагаан тоос татуулан хөвөрнө. Бодвол энэ нь Баян айргийн ордын олборлолтын цэгт хүрдэг зам бололтой. “Баян айраг эксплорейшн” ХХК иймэрхүү дүр зурагтай биднийг угтлаа. Зураг авч байгааг харсан бололтой кэмпээс хэдэн хүн гарч ирээд харуулын байрыг зүглэв. Харуул нь биднийг дуудаж байна. Нэлээд ярилцсаны эцэст биднийг ямар нэгэн камергүй дотогш нэвтрэхийг зөвшөөрлөө. Холоос зорьж ирсэн болохоор арга буюу дотогш оров. “Засаг захиргаа, орон нутагтай харилцах мэргэжилтэн Ж.Соёмбо” гэж өөрийгөө танилцуулсан залуу компаниа магтаж, баахан сайрхсан. Энд ажиллаж байгаа учраас арга ч үгүй биз. Ямар ч байсан ирэх оны эхээр олборлолтоо эхэлнэ гэдгээ хэлж байлаа. Тэрбээр “Нутгийн малчдын гомдлыг барагдуулна. Зам хэрчиж, олон салаа үүсгэхгүй.
Засч, сайжруулсан замаар усаа зөөнө” гэх мэтээр их зүйл хуучилсан. Хаа газрын уул уурхайн компаниудын ярьдагчлан нутгийн малчдын эрх ашгийг хохироохгүй, сум орон нутагт хандив тусламж үзүүлж, Дөрвөлжин сум хэзээ мөдгүй хөгжчих л юм ярьсан. Гэхдээ мэдээж, энэ бүхэн хэтэрхий үнэмшилгүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Нутгийн иргэдийн хамгийн их эмзэглэж байгаа зүйл нь эцэг өвгөдийнх нь ясыг өндөлзүүлэн байж, олборлолт хийх гээд байгаа явдал. Энэ талаар “Баян айраг эксплорейшн” ХХК-ийнхан “Тийм асуудал байхгүй. Олборлолтын цэгээс маш хол байдаг юм” гэсэн хариултыг хээв нэг өгч байсан. Гэтэл энэ асуудал Дөрвөлжин сумынхны хувьд хамгийн чухал зүйл нь. Тиймээс бид олборлолтын хэсэгт очиж үзэхийг хүссэн боловч зөвшөөрсөнгүй. Хүн нутаглуулдаг газраас тийм хол юм юугаа тэгтлээ нууж, сандралддаг байна аа.
Хамгийн гол нь, тус компани 50 тоннын нөөцтэй манай улсын хамгийн том алтны ордод 30 жилийн хугацаатай олборлолт явуулах эрх авсан. Энэ эрхийг Завхан аймгийн ИТХ-аас олгосон гээд бод доо. Гэтэл 30 жил гэдэг бол бүхэл бүтэн уулын хөрсийг эргүүлээд, юу ч үгүй болтол нь нураахад хангалттай хугацаа. Говь, хангай хосолсон Завхан аймгийн говийн бүс 30 жил уул уурхайд талхилуулна гээд бодохоор тоос, шороо нь дийлдэхээ байж, эцэстээ хүн, амьтан амьдрах боломжгүй болно гэсэн үг. Уул уурхайн олборлолтын үед хамгийн чухлаар тавигддаг асуудал нь усан хангамж. Харин “Баян айраг эксплорейшн” ХХК үүнийгээ шийдэж чадаагүй байна лээ. Өөрсдийнх нь ярьж байгаагаар олборлолтын явцад хэрэглэх усаа Эрдэнэхайрхан сумаас 30 жилийн турш татах юм гэсэн. Ямар ч үнэмшилгүй сонсогдож байгаа биз дээ.
Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг Эрдэнэхайрхан сумаас ус татна гэдэг төлөвлөгөө гаргаад өгчихсөнийг нь Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид зөвшөөрчихсөн юм байх. Гэтэл үнэндээ Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумд говийн бүсэд харьяалагддаг. Говь нутаг л юм болохоор усны асуудал мөнхийн бэрхшээл байсаар ирсэн. Одоо ч тийм л байна. Үнэндээ “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн ус татна гээд байгаа Эрдэнэхайрхан сумын нутагт 30 байтугай гурван жил усаар хангах том гол нуур байхгүй. Харин Дөрвөлжин сумын урдуур хэзээ мөдгүй амь тасрах гэж байгаа Завхан гол урсаж байдаг юм билээ. Тиймээс ч Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумынхан хүн малгүй зөөврийн усаар гол зогоодог. Ганц нэгхэн гүний худаг дайралдах авч ус тун хомс.
Бидний замд таарсан амь голтой гүний худаг дээр малаа услах гэсэн нутгийн малчидтай зэрэгцэн том том машинууд дугаарлаж зосоо харагдсан. Энэ машинууд бүгд л “Баян айраг эксплорейшн” ХХК руу ус зөөж байгаа гэдгийг малчид ярьж байсан юм. Эднийх өдөрт нэг худгаас дор хаяж 20 тонн ус авдаг гэсэн. Олборлолт явуулж эхлээгүй байж ингэж усаар гачигдаж, нутгийн малчидтай хэрүүл, уруул болж байгаа юм чинь алтаа ухаж, хүдрээ баяжуулаад эхэлчихээр яах юм бол. Тэгэхээр 30 жил хаанаас ямар ус зөөж, алтаа баяжуулах нь ойлгомжтой.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"