Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ван Шаолуныг 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Элчин сайд ноён Ван Шаолун хоёр улсын харилцаа олон салбарт эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглээд Бүгд найрамдах Хятад ард улсын төв Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанаас Улаанбаатар хоттой харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг Засаг дарга болохоосоо өмнө ч хоёр орны харилцаанд хувь нэмрээ оруулж ирснийг дурдаад шинээр томилогдсон үүрэгт ажлынхаа хугацаанд хоёр улсын харилцаанд улам их дэвшил гаргах алхамуудыг хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Элчин сайд Ван Шаолунд талархал илэрхийлээд, Улаанбаатар хот цаашид хөгжин цэцэглэх баттай шалтгааны нэг бол сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн гол шалтгаан болсон Хятад улсын дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа байх болно гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлж, Улаанбаатар хотын зам тээвэр, орон сууц, барилга, нийгэм соёлын салбарт Хятадын Засгийн газраас үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бололцоотой бүхий л дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийллээ.
Цаашид хоёр тал Бүгд найрамдах Хятад ард Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа олон төвшний авто замын төслийн ажлуудыг түргэтгэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв. Хоёр талаас шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, харилцан дэмжлэг үзүүлэхээ нотлов. Түүнчлэн Элчин сайд Ван Шаолун Хятадын талаас Улаанбаатар хотын цаашдийн хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг онцлов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн Бүгд найрамдах Хятад ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолунтай хийсэн уулзалт өндөр ач холбогдолтой, ажил хэрэгч байдалд болж өндөрлөсөн тухай Нийслэлийн ХМА-ын алба мэдээлсэн байна.
Мөн эх сурвалжуудын өгүүлж буйгаар уулзалтын үеэр Э.Бат-Үүл Хятадын элчин сайдаас уучлал хүсжээ. Түүнчлэн уулзалтын мэдээг орон нутгийн сонгууль өнгөртөл олон нийтэд мэдээлэхгүй байхыг үүрэгдэж, сэтгүүлчдээс хэд хоног хав дарсан байна.
П.Энхмандах