Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын асуулгад хариулт өглөө. Гишүүд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл хүссэний дагуу Засгийн газрын тэргүүн тодорхой хариулт өглөө. Энэ чиглэлээр одоо мөрдөж буй хууль тогтоомжуудыг 2009 онд УИХ-аас батлан гаргасан тул салбарын үйл ажиллагаа тухайн цагаас эрчимжсэн. Энэ оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 16 аж ахуйн нэгж хайгуулын 92, ашиглалтын 2, нийт94 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. 2012 онд нэг ч байгууллагад тусгай зөвшөөрөл олгоогүй аж. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай 23,481.29 км2, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай 1.2 км2, нийт тусгай зөвшөөрлийн талбай 23,482.55км2газар байна. Энэ нь Монгол Улсын нутаг дэвгэрийн талбайн 1,564 хувийг эзэлж байна. Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд 2009 онд 16.1 тэрбум, 2010 онд 25.1 тэрбум, 2011 онд 37.6 тэрбум төгрөгийг тус тус хайгуулын ажилд зарцуулжээ.
Гишүүдийн тавьсан удаах асуулга нь Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсын Фукушимагийн цөмийн ослын дараа 184 тоот зарлиг гарган, цөмийн хаягдлын асуудлаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосны дагуу Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хүссэн юм. Шинэчлэлийн Засгийн газар цөмийн хаягдлын талаар баримтлах байр сууриа тодорхойлж, “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн “Аюулгүй орчинтой Монгол хүн” гэсэн 4 дүгээр бүлгийн “Нийгмийн аюулгүй байдал” хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахыг хориглоно” гэж тусгасан. Мөн Цөмийн зэвсгээс ангид байх тухай, Цөмийн энергийн тухай, Хог хаягдлын тухайМонгол Улсын хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр Цөмийн энергийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагын явуулсан үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг, даалгавар өгч ажилласан. Олон улсын өмнө ч тодорхой үүрэг, хариуцлага хүлээгээд байна. Өөр нэг чухал ажил бол одоо мөрдөж буй хууль журмуудыг эргэн харж, бодлогоо шинэчилж сайжруулахаар ажиллаж байгаа ба ирэх оны эхний улиралд багтаан УИХ-д оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн хэллээ.
Засгийн газраас цөмийн эрчим хүчний асуудлаар цаашид баримтлах бодлогын талаар тодорхой байр сууриа илэрхийлэхийг дээрх гишүүд мөн хүссэн байна. Ерөнхий сайд энэ талаар “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цөмийн цахилгаан станц ашиглах талаар ямар нэг зорилт тусгагдаагүй, стратегийн ач холбогдол бүхий цацраг идэвхт ашигт малтмалыг зөвхөн шар нунтаг хүртэл боловсруулахаар заасан. Ер нь Монгол Улсын цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах асуудлыг 5-8 жил, түүнээс цааш хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна. Ийм хугацааны дараа тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд цөмийн эрчим хүчний станц байгуулах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан дээр боловсруулж, тухайн үедээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.