Анх болзоо, анхны учрал, анхны уулзалт эрэгтэй эмэгтэй ямар ч хүмүүст онцгой содон мэдрэмж төрүүлдэг. Байгаагаараа байх нь зөв боловч, хэнэггүй хайхрамжгүй байдал, ихэмсэг зан, буруу дадал зуршил /жишээ нь: харааж ерөөх, хамраа ухах, бардамнаж сайрхах, бусдыг муулах, соёлгүй харьцах/ нь хайртыг бүсгүйг чинь холдуулдаг ч, юм шүү. Тиймээс анхнаасаа л зөв сайхан сэтгэгдэл төрүүлээд цаашдаа ч аль болох түүгээрээ байхыг хичээ.
Амраг хайртуудын харилцаанд сэв суулгадаг зүйлүүд:
Нэг: Худал амлах.
Аливаа зүйлийг амлахаас өмнө сайн бод. “Би ийм тийм ар өврийн хаалгатай, мундаг танил талтай, хөрөнгө чинээтэй" гэх мэтээр сайрхаж элдэв амлалтууд өгдөг ойворгон харчуул мундахгүй бий. Мэдээж хайртай хүнийхээ дэргэд нэг их сүрхий хүн болж харагдахыг хүсч байгаа нь тэр. Гэхдээ иймэрхүү амлалтууд гол төлөв хоосон зүйл л байдаг. Та ийм авир гаргавал өөрийн нэр төрөө алдахаас цаашгүй. Иймд хоосон, худал амлаж огт болохгүй. Үнэхээр чаддаг бол яая гэхэв. Хэрэв чадахгүй бол хэнд ч, юу ч бүү амла.
Хоёр: Уучлал гуйхгүй байх
Амраг хосуудын харьцааг сэвтүүлдэг нэг зүйл бол уучлал гуйхгүй байх. Хэзээ ч өөрийнхөө бурууг хүлээдэггүй хүмүүс амжилт олдоггүй. Хэдий чинээ уран цэцэн үгээр хамтрагчаа хууран мэхэлнэ тэр харилцаа төдий чинээ хурдан мөхнө. Хэдийгээр таны буруу биш байсан ч “Шулуухан хэлсэнд минь уучлаарай", “Огцом зан гаргасанд минь уучлаарай” гээд хэлчихэж чаддаг байх хэрэгтэй. Уучлал гуйна гэдэг бол хүмүүс хоорондын харилцааны хамгийн агуу зүйл юм.
Гурав: Гэр бүлийнхээ дотоод нууцаа дотнын найздаа бүү ярь
Хэрэв та гэр бүлийнхээ дотоод амьдралынхаа бүхий л нууцыг дотны найздаа ховлон ярьдаг бол түүн шиг муу зүйл гэж энэ хорвоод байхгүй шүү. Яагаад гэвэл үүрдийн найз гэж хэзээ ч байдаггүй. Та эр нөхрөө, түүний ааш зан, ар гэрийнхнийх нь талаар найз бүсгүйдээ ховлож элдвээр муулдаг уу? Энд зориуд дурдахад өөрсдийн гэр бүл, найз нөхдөө хувийн амьдралаасаа холуур балгах ёстой Нөхөртэйгээ хийсэн хэрүүлийг найзууд чинь мэдэх албагүй. Ингэлээ гээд та ямар ч амжилт олохгүй. Хана хүртэл “чихтэй” гэдэг шүү дээ. Харин ч таны элдэв хов жив, хоосон яриа эрт орой аль нь боловч хайртын чинь сонорт хүрч, харилцааг сэвтүүлэхээс өөр ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаарвал зохилтой.
/Хань/